Трампын засаг захиргаа АНУ-ын гадаад бодлогыг өөрчилж эхэлсэн болон бүс нутгийн зөрчил хурцдаж байгаатай холбогдуулан Япон улс өөрийн өмнөд арал Кюшүд алсын тусгалын пуужингууд байрлуулахаар төлөвлөж эхэлжээ.
Ойролцоогоор 1,000 км тусгалтай пуужингууд нь Умард Солонгос, Хятадын эргийн бүс нутгуудад хүрэх чадвартай байх бөгөөд одоо Кюшүд байрладаг пуужингийн хоёр баазад ирэх онд суурилагдах гэнэ.
Эдгээр пуужингууд нь стратегийн ач холбогдолтой Окинавагийн бүлэг арлуудын хамгаалалтыг чангатгаж, Япон улсын гаднын халдлагад хариу цохилт өгөх чадварыг сайжруулах зорилготойг Токиогийн албаны эх сурвалж ярьсан тухай Киодо агентлаг мэдээлжээ.
Тайвань арлаас 110 км зайд оршдог Окинава бүлэг арлуудад ийм пуужин байрлуулбал Хятад улсыг шууд өдөөн хатгасан хэрэг болно гэж ажиглагчид үзэж байна.
Одоо Окинавагийн арлууд дээр богино тусгалын хэд хэдэн пуужингийн систем байрладаг юм.
“Хятад, Умард Солонгосын аюул занал нэмэгдэж байгаа тул Япон улс үүнийг илүү хүчтэй зэвсгийн системээр эсэргүүцэх нь зүйн хэрэг” гэж Фүкүй Мужийн Их сургуулийн хүндэт профессор Йоичи Шимада хэлжээ.
Үүнээс гадна Трампын засаг захиргаа АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг өөрчилж эхэлснээр хоёр улсын батлан хамгаалах салбарын түншлэл эрсдэлд орж болзошгүй болсон.
Гуравдугаар сарын 6-ны өдөр Трамп хэлэхдээ “Бид Япон улстай маш сайн харилцаатай байдаг. Гэхдээ бид Японыг хамгаалах үүрэг хүлээж, хариуд нь тэд биднийг хамгаалах ямар ч үүрэг хүлээгээгүй хачин гэрээтэй байдаг. Үүнээс гадна тэд энэ хамтын ажиллагаанаас эдийн засгийн их ашиг хүртэж байгаа. Ийм гэрээг хэн байгуулсныг би асуумаар байна” гэж байжээ.
Энэхүү гэрээг АНУ-ын зэвсэгт хүчин Японд хяналтаа тогтоосон байх үед буюу 1951 онд байгуулж байсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын тал Японы цэрэг дайны ажиллагаа явуулах чадварыг хязгаарлаж, хариуд нь батлан хамгаалах үүрэг хүлээж байжээ.
Гэхдээ Япон улсын пуужингийн системээ сайжруулах алхам хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаагаа Шимада профессор тайлбарласан байна.
“Трампын засаг захиргаа Япон улсаас харилцан ашигтай хамтын ажиллагаа шаардаж байгаа нь тийм ч үндэслэлгүй зүйл биш” гэж тэр хэлжээ.
Гэхдээ НАТО болон хөрш Канад, Дани улсуудад Трампын үзүүлж буй хандлага нь Японд бас зарим хүмүүсийн санааг зовоож байгааг Токиогийн Тэмпл Их сургуулийн судлаач Роберт Дужаррик хэлж байна.
“АНУ-Японы хэлхээ холбоо сайнгүй байгааг бүгд харж байгаа. Хятад улс Япон улсад халдсан тохиолдолд Трампын засаг захиргаа ямар нэг алхам хийнэ гэсэн баталгаа алга. Энэ бол том асуудал юм” гэж тэр байр сууриа тайлбарлажээ.
Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Япон улс аюулгүй байдлын бодлогоо эргэн харах цаг болсон гэж тэр үзэж байна.
Хэдийгээр 80 жилийн өмнө атомын бөмбөгийн анхны хохирогч болж байсан ч хэрвээ АНУ-ын хамгаалалтад найдах аргагүй болбол Япон улс цөмийн зэвсэгтэй болох асуудал ч сөхөгдөж болзошгүйг Дужаррик хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!