УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн гүйцэтгэл, макро эдийн засгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийж, цаг үеийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг танилцуулсан байна.
Олон улсад гарч буй гэнэтийн шийдвэр, геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэс, жоншны үнэ өсөж, төмрийн хүдрийн үнэ тогтвортой байгаа нь төсөвт тодотгол хийх эрсдэл үүсгэхгүй гэж тэрбээр онцолжээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Төсөвт тодотгол хийх үү гэдэг зүйл яригдаж байна. Төсвийн тухай хуульд заасан таван нөхцөлөөс аль нэг нь бүрдсэн тохиолдолд төсөвт тодотгол хийдэг.
Одоогоор тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй байна. Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 95 хувьтай байгаа.
Нүүрснээс бусад манай гол түүхий эд болох зэс, алт, төмрийн хүдрийн үнэ боломжийн байна. Бидний тооцоолсноос ч өндөр байгаа. Бид энэ жил алтыг 1,850 ам.доллароор тооцсон бол одоо 3,000 ам.доллар хүрчихсэн байна. Зэсийг 7,500 ам.доллароор тооцсон бол бараг 10 мянга хүрчихлээ.
Хэрэв нүүрсний үнэ одоогийн унаад байгаа шиг 80 орчим ам.доллартой бүтэн жил болоод, Засгийн газар зардал хөрөнгө оруулалтууд дээрээ хэмнэлт гаргахгүй, экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй байвал жилийн эцэс рүү 1.5-ын голчтой 300 тэрбумын дотор төсвийн алдагдал бүрдэхээр байгаа. Хамгийн муугаар тооцоход ийм байна.
Жилийн эхний хагаст орлогоос хамаарсан төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэхгүй.
Засгийн газар зүгээр хараад суухгүй. Экспортоо нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!