Энэ сарын 17-нд Ирландын уламжлалт баяр болох Гэгээн Патрикийн өдрийг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холимог тулаанч Конор МакГрегорыг Цагаан ордонд хүлээн авчээ.
К.МакГрегор уулзалтын өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ирланд цагаачдын асуудлаар сэтгэл зовж буйгаа илэрхийлнэ гэж мэдэгдэж байв.
Холимог тулаанч эр ерөнхийлөгчтэй уулзах үеэр түүний ажлыг "урам зориг өгсөн" гэж магтсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Ирландын ерөнхий сайд Михол Мартин Цагаан Ордонд Трампад бараалхсан. Энэ үеэр Трамп Конор МакГрегорын шивээсийг амьдралдаа харж байсан хамгийн өвөрмөц шивээс гэж магтсан удаатай.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Конор оролцсон юм.
Цагаан ордны бага хурлын танхимд хэвлэлийн төлөөлөгч Каролин Левиттэй хамт сэтгүүлчидтэй уулзсан К.МакГрегор Ирландын ард түмэнд тулгараад буй байгаа асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаагаа онцолж байв.
Тэрбээр цагаачлалын асуудал дээр Ирландын Засгийн газрыг хангалтгүй ажилласан гэж буруутгажээ.
"Бидний мөнгийг Ирландын ард түмэнтэй ямар ч холбоогүй асуудалд зарцуулж байна" гэж ирланд эр ярьсан юм.
Тэгвэл К.МакГрегорын хэлсэн үг Ирландын улс төрчдөд таалагдсангүй. Энэ талаар тус улсын ерөнхий сайд М.Мартин өөрийн цахим хуудсандаа "Гэгээн Патрикийн өдөр бол нөхөрлөлөөс үүдэлтэй баяр. Ноён МакГрегорын хэлсэн үг Ирландын ард түмний үзэл бодолтой хамааралгүй" гэж тодотгожээ.
М.Мартины үгийг тус улсын ерөнхий сайдын орлогч Симон Харрис баталжээ. Тэрбээр холимог тулаанчийн Цагаан ордонд хийсэн уулзалт нь Ирландын ард түмнийг төлөөлөхгүй гэсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!