Уншиж байна ...

Литва улсын нийслэлд Икеа дэлгүүрийг галдан шатаасан хэрэгт Оросын тагнуулын албыг буруутгав

Т.Давааням, ikon.mn
2 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Литва улсын прокурорууд өнгөрсөн онд нийслэл Вильнюс хотын Икеа брэндийн дэлгүүрийг галдан шатаасан хэрэгт Оросын цэргийн тагнуулын албыг буруутгаж байгаагаа өчигдөр зарлажээ.

НАТО-гийн гишүүн Литва улс Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины явуулж буй тэмцлийг эхнээс нь тууштай дэмжигчдийн нэг юм.

Үүнийхээ хариуд тус улс Оросын талаас явуулсан элдэв хорлон сүйтгэх ажиллагаанд байнга өртөх болжээ.

2024 оны тавдугаар сард Икеа дэлгүүрт гарсан гал түймрийг Литва улсын прокурорын ерөнхий газар Оросын цэргийн тагнуулын албаны захиалгаар гүйцэтгэснийг олж тогтоосноо зарласан байна.

Тухайн гал түймрийн үеэр хүний амь эрстээгүй ч “Бид үүнийг ноцтой үр дагавартай террорист үйлдэлд тооцож байна” гэж прокурор Артурас Урбелис мэдэгджээ.

зураг
 

Хорлон сүйтгэх ажиллагааг Украины хоёр иргэн гүйцэтгэсний нэг нь Литвад нөгөө нь Польшид баригдсан юм байна.

“Хэд хэдэн зуучлагчаар дамжуулан гүйцэтгэсэн энэ гэмт хэргийн зохион байгуулагчид Орост байгаа нь тогтоогдсон. Тухайлбал тус улсын цэргийн тагнуулын байгууллагатай холбоотойг тогтоосон” гэж Урбелис хэлжээ.

“Варшавт болсон нууц уулзалтын үеэр тэд Литва, Латви улсуудад худалдааны төвүүдийг шатаах, дэлбэлэхээр тохиролцож, шагналд нь 10,000 евро авсан байна” гэж тэр цааш нь ярьсан юм.

Хөрш Польш улсад гарсан ижил төстэй хорлон сүйтгэх ажиллагаануудтай дээрх хэрэг холбоотой эсэхийг сэтгүүлчид асуухад Урбелис “Нэгээс олон супермаркет шатсан. Зөвхөн супермаркет биш, бусад байгууламжууд ч бас” гэж хариулжээ.

Польш улсад одоо хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, явуулахыг завдсан нийт 30 орчим хэрэг шалгагдаж байгааг тэр энэ үеэр мэдээлсэн байна.

Литвад гаргасан дүгнэлтийн талаар Польшийн ерөнхий сайд Дональд Туск байр суурь илэрхийлэхдээ хорлон сүйтгэх ажиллагаандаа Оросын тал Украины иргэдийг ашигласан нь “мөрөө баллах” зорилготой үйлдэл гэж үзэж байгааг илэрхийлжээ.

“Эрхэм холбоотнуудаа. Литва улсын прокурорын газар Вильнюс, Варшав хотуудын худалдааны төвүүдэд гарсан гал түймрийг Оросын тагнуулын албаны захиалгат ажил болохыг нотолсон байна. Энэ улсын мөн чанарыг яриа хэлэлцээ эхлэхийн өмнө мэдсэн нь сайн хэрэг” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: AFP