Канадын шинэ ерөнхий сайд өчигдөр анхны гадаад айлчлалаараа АНУ-д биш, Европын орнуудад хүрэлцэн очсон нь олон жилийн өмнөөс тогтсон уламжлалыг эвдсэн хэрэг байлаа.
Энэ нь тус улсыг АНУ-ын 51 дэх муж болгох тухай байнга ярьж, хоёр орны хооронд худалдааны дайн дэгдээсэн ерөнхийлөгч Трампын хувьд сануулга болж байна.
Канадын шинэ ерөнхий сайд Марк Карнийг өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон эхлээд Парис хотод халуун дотноор угтаж авсан юм. Дараа нь тэр Их Британид айлчилж, тус улсын ерөнхий сайд Кэйр Стармертай уулзаж, Чарльз хаанд бараалхсан байна.
Гуравдугаар Чарльз хаан бол Их Британи, Канад хоёр улсын аль алиных нь төрийн тэргүүн юм.
Карни өнгөрсөн Баасан гарагт Канадын ерөнхий сайдаар томилогдож, Жастин Трюдогийн 10 жил үргэлжилсэн засаглал өндөрлөсөн байна.
Парист болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Макрон тус улсыг “Европын бус орнуудын дотроос хамгийн их Европ шинж чанартай”, “Францын найдвартай, хүчирхэг түнш” гэж магтжээ.
Чарльз хаантай уулзсаныхаа дараа Карни улс орныг нь АНУ-д нэгтгэх Трампын яриаг “төсөөлшгүй”, ”үл хүндэтгэсэн” санаа гэж тодорхойлоод “хамтын ажиллагааны талаар ярилцахаасаа өмнө ийм яриагаа зогсоох хэрэгтэйг” сануулсан байна.
Карни бас Канад улс АНУ-аас F-35 сөнөөгч онгоцнууд худалдаж авах нь зөв эсэх талаар дахин судлах болсныг энэ үеэр дуулгаад Их Британи, Франц улсуудтай аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлжээ.
Карни ерөнхий сайдын үүрэгт ажлыг авсныхаа дараахан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Европын Холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нартай утсаар ярилцсан юм.
Тэрбээр энэ онд Канадын Альберта мужид зохион байгуулагдах Их Долоогийн дээд чуулга уулзалтад Зеленскийг урьжээ.
Карни 2013-2020 онуудад Английн Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өмнө нь Канадад улс төрийн сонгуульт албан тушаал огт хашиж байгаагүй хүн юм.
Канадад Либерал намын нэр хүнд унаж, консервативууд дараагийн сонгуульд ялах нь бараг тодорхой болоод байх үед АНУ-д Трамп ерөнхийлөгч болсон юм.
Гэвч Трампын түрэмгий гадаад бодлого канадчуудын санааг эргүүлж, Либерал намын нэр хүндийг дахин өргөөд байгаа.
Марк Карни энэ оны сүүлээр болох Канадын холбооны сонгуульд Либерал намыг удирдаж оролцохоор болж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!