Уншиж байна ...

Хөгнө хан ууланд орших жижиг сүмүүдийн дээврийг сэргээн засварлах ажлыг эхлүүлнэ

ikon.mn
1 цаг 57 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг

Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт орших “Хөгнө хан уулын Их, бага хийдийн туурь” нэртэй дурсгал нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д батлагдсан Монголын түүх, соёлын үл хөдлөх, биет дурсгал билээ.

Уг “Хөгнө хан хийдийн их бага туурь”-т 17-р зуунд анхлан баригдсан 2 жижиг сүмүүд багтдаг бөгөөд эдгээр 2 жижиг сүм нь найман талт, дугуй хэлбэртэй, байгалийн чулуу, шавраар өрж, модон углуургын аргаар дээврийг хийсэн нь тухайн үеийн Монгол урчуудын чадвар, уламжлалт арга барилыг харуулдаг бүтээл, соёлын дурсгалт өвүүд юм.

1937-1939 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр бүрэн сүйтгэгдээгүй үлдсэн цөөхөн сүм, хийдүүдийн нэг юм.

1990 оны ардчилсан хувьсгал ялах хүртэл ялангуяа шашны холбогдолтой барилга байгууламжууд, түүхийн зарим дурсгалууд эзэнгүй хаягдаж, зарим түүхийн хосгүй олдворууд бүр мөсөн устсан, хүний гараар сүйтгэгдсэн зэрэг олон харамсалтай тохиолдлууд байдаг билээ. Энэ хоёр сүмийн хувьд дээврийн хийцлэлүүд эвдэрч, вааран дээврүүд суулт өгч, дуганы хойд хэсгээр бороо цасны ус дотогшоо нэвчиж алддаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай болсон байдаг.

зураг
 

Тиймээс эдгээр хоёр жижиг сүмүүдийн дээврийн сэргээн засварлалтыг яаралтай хийх шаардлагатай байсан учир сэргээн засварлах ажлын санхүүжилт, хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг бий болгохоор “Өвгөн Хийд НҮТББ” ажиллаж 2024 онд АНУ-ын “Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан”-ийн төсөлд хамрагдсан билээ.

“Өвгөн Хийд НҮТББ” нь Монгол улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд таниулан сурталчлах, түүхэн дурсгалт байдлаар нь хадгалан үлдээх зорилготой байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юм.

Дүнчүүр Маанийн хүрд, Буман Базарсад нэртэй жижиг сүм дуганы дээврийн сэргээн засварлах ажлыг 2025 оны 6-р сараас “Өвгөн Хийд НҮТББ” санаачлан, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яам болон Соёлын Өвийн Үндэсний төв, Булган аймгийн соёл, урлагийн газар, Рашаант сумын Засаг Даргын Тамгын газрын дэмжлэгтэй, ялангуяа АНУ-ын “Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан”-ийн санхүүжилтээр дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүлээд байна.

зураг
 

Ташрамд дурдахад АНУ-ын “Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан” нь Монгол улсын олон олон соёлын өвүүдийг сэргээн засварлах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд нь талархаж байгаагаа илэрхийлье.

Уг сэргээн засварлалтын ажлын зураг төслийг энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж буй Монголын архитектурын мэргэшсэн, туршлагатай компани хийж, гүйцэтгэлийн ажлыг энэ зунаас Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны олгодог тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж хийх юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байгаа нь маш талархууштай байгааг Өвгөн Хийд НҮТББ-ийн хамт олон онцолж байв.