Уншиж байна ...

"Нийт өрхийн 65 орчим хувь нь хэрэглээний зээлтэй. Дундаж хэмжээ нь 18 сая төгрөг"

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр 2024 оны банкны салбарын тойм мэдээллийг танилцуулахдаа иргэдэд шинээр олгогдсон зээлийн хэмжээ 30 хувиар нэмэгдсэнийг онцлов.

Банкууд өнгөрсөн онд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан түлхүү олгосон байна. Энэ нь иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотой байгаа юм. 

МБХ-ноос "Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны 2024 оны мэдээллээс харахад нийт өрхийн 65 орчим хувь нь зээлтэй. Зээлийн дундаж хэмжээ 18 сая төгрөг, ипотекийн зээлийн хэмжээ нь 100 орчим сая төгрөг байна. Сард төлж буй зээлийн дүн нь нэг өрхийнх сая орчим төгрөгтэй тэнцэж байгаа" хэмээсэн.

зураг
 

Гэхдээ 2025 онд хэрэглээний зээлд хязгаарлагдахаар байгааг тус холбооноос тодотгож буй. Учир нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох болсон билээ.

Энэ арга хэмжээг тус холбооноос "Өрхийн санхүүг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ" гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Санхүүгийн салбар нь хоёр зохицуулагчтай. Нэг нь хэрэглээний зээлд өрхийн өр, орлогын харьцаагаар хязгаарлалт тавилаа. Өрхийн өр, орлогын харьцааг биелүүлж чадахгүй байгаа өрхүүд хүү багатай банкны салбараас гараад, хүү өндөртэй газраас зээл авч эхэлсэн. Энэ нь өрийн дарамт бий болгох эрсдэлтэй. Онлайн, өдрийн зэргээр нэрлэгддэг зээл рүү хүмүүсийг шахаж байна.

Санхүүгийн Зохицуулах Хороо(СЗХ)-ноос өр, орлогын харьцааг энэ салбаруудад ч тавьж өгснөөр санхүүгийн салбар нийтээрээ харилцагчийг хамгаалж эхэлж байгаад баяртай байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.