Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар мэдээллийн эхэнд 2024 он нь банкны салбар ашиг орлогын өндөр өсөлттэй, төлбөрийн түргэн гүйцэтгэх чадвар сайтай, өөрийн хөрөнгийн харьцааны үзүүлэлт сайн буюу банкны салбарт эерэг жил байсныг онцолсон юм.
Өнгөрсөн оны онцлох нэг зүйл нь бизнесийн буюу эдийн засгийн салбарын өсөлтийг дэмжих чиглэлийн зээл түлхүү олгогдсон байна. Бизнесийн салбарын зээл 2024 онд өмнөх жилээсээ 37 хувийн өсөлттэй гарчээ.
МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Өнгөрсөн жил макро эдийн засгийн өсөлт сайн байсан тул чанаргүй зээлийн тоо хэмжээний харьцаа сүүлийн 15 жилд байгаагүй доод түвшиндээ ирсэн. Энэ нь нийт зээл 35 хувь өссөнтэй холбоотой.
Банкны салбар 23 хувь өсөж, системийн нөлөө бүхий таван банк энэ онд өнгөрсөн жилийн ашгаас 530 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах тоо гарсан.
Макро эдийн засгийн тухайд гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн жилийнхээс 30 хувиар буурсан. Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч үнийн уналтаа гүйцэж чадаагүйг энэ нь илтгэж байгаа.
Төсөв хэт тэлсэн. Өнгөрсөн жил төсвийн зардал 35 хувиар нэмэгдлээ. Энэ нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 38 хувьтай тэнцэх тоо. Монгол Ардын Нам(МАН) сонгуулийн өмнө амлахдаа төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувьд хүргэж бууруулна гэсэн ч өнгөрсөн онд хоёр сонгууль болсонтой холбоотой урсгал зардал, өндөр дүнгээр төсөв тодотгосон зэргээс шалтгаалж 25 хувь руу буух биш, төсвийн зардал харин ч өсөж 38 хувьд хүрлээ. Төсөв өндөр зардалтай байхаар аажмаар инфляц, төлбөрийн тэнцэлд нөлөөлнө.
Учир нь их хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал зардлууд нь манай улсын тухайд импорт болж хувирдаг. Урсгал тэнцлийн 30 хувийн алдагдлыг гаднын зээлээр буюу нийслэл 500 сая ам.долларын бонд, Голомт 300 сая ам.долларын бонд гаргасан, зээлийн эх үүсвэр гээд гаднаас авч байгаа импортын зүйлсээ зээл авах байдлаар нөхөж байж, төлбөрийн тэнцэл ашигтай гараад байгаа.
Энэ онд хөрөнгө оруулалтын болон урсгал зардал их гарснаар импорт хөөрөгдөнө. Мөн олон улсын байдал маш тодорхойгүй байгаа, худалдааны дайн ид өргөжиж байгаагаас түүхий эд, бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байна" хэмээв.
Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ манай улсын хувьд таатай байснаар төсөв ашигтай гарч, цалин, тэтгэвэр нэмэгдсэн. Мөн хөрөнгө оруулалтын зардлуудыг ч өсгөөд буй.
Төсөв алдагдалтай нөхцөл байдалд хүүгийн түвшин буурах боломжгүй, инфляц өндөр байгаа энэ үед бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлсэн нь Монголбанкны гарцаагүй үйлдэл байлаа. Үүнийг дагаад зээлийн хүү тодорхой хэмжээнд нэмэгдэнэ.
Түүнчлэн ноён Л.Амар "Орлого сайтай буюу түүхий эдийн үнэ өндөр байгаа жилдээ төсвийн зардлаа огцом нэмснээр буцааж буулгахад маш хүнд байдаг. Нэгэнт нэмсэн тэтгэвэр, цалинг буулгаж болдоггүй. Тухайн жилдээ зардлаа өсгөхөөр түүний дараагаас буулгах боломжгүй. Жишээлбэл энэ онд төсвийн орлого хүндрэлтэй байлаа гэж үзэхэд зээлээр л нөхөх болж байна.
Монгол Улс түүхий эдийн үнийн өсөлт, уналт дээр олон жил явж ирсэн. Уг нь үүнийг өөрчлөхөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Эдийн засгийн сайн үед мөнгөө хэмнэж хуримтлуулаад, тааруу үед нь зарцуулах гэдэг зарчим руу орж чадалгүй олон жил явж байгаагаа өөрчлөх хэрэгтэй байна. Дунд хугацааны төлөвлөлт маш чухал бөгөөд түүнийгээ дагаж мөрддөг байх хууль эрх зүйн орчинтой болох ёстой.
Өнгөрсөн жилээс нийслэл өөрөө өр үүсгэх боломжтой болчихсон, томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэдгээрийг нэгдсэн дүр зургаар харах, төлөвлөх боломжтой болгохгүй бол гэнэт л сарын өмнө шийдээд өрийн хэмжээг нэмэгдүүлдэг нөхцөл байдалтай байгаад байна.
Мега төслүүдийг макро эдийн засгийнхаа ерөнхий нөхцөл байдалтай уялдуулах хэрэгтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!