Уншиж байна ...

Хэвлэлийн хүрээлэн: Редакцад цензур тавьсан асуудлыг нэн даруй хянаж, нягтлах нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 58 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө Noorog.mn сайтын редакцад шалгалт явуулж, техник хэрэгслийг нь битүүмжлэн ажилтнуудаас нь байцаалт авсан байна.  

Уг асуудалд Хэвлэлийн хүрээлэн болон Глоб интернэшнл төвөөс байр сууриа илэрхийлж дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тус мэдэгдэлд "Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж хувь хүн, байгууллагыг хуулиар далайлган сүрдүүлэх, дарамтлах, залхаан цээрлүүлэх явдлыг эсэргүүцэж байна. 2025 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Ноорог.мн хуудсыг ажиллуулдаг багийн гишүүдийг саатуулж, ажлын зарим тоног төхөөрөмжийг нь хураасан явдал бол Монгол Улсын олон улсын хүний эрхийн үүрэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хууль зөрчигдлөө.

Үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах зэрэг улс орны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлах нь бий. Гэвч олон улсын хүний эрхийн хэм хэмжээний дагуу хууль ёсны, зайлшгүй бөгөөд зохистой хязгаарлалт байх ёстой.

“Үндэсний эв нэгдэл”, “нийтийн хэв журам”, “үндэсний аюулгүй байдал”, “илт худал мэдээлэл” гэх мэт өргөн хүрээнд ерөнхийлөн тодорхойлогдсон нэр томьёо бүхий хуулийн зохицуулалт нь хуулийг дур зоргоор буюу тодорхой ашиг сонирхлын үүднээс хэтрүүлэн ашиглах боломжийг бүрдүүлж, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, нийтийн хэлэлцүүлгийг дарангуйлахад хүргэдэг. Тиймээс дээрх нэр томьёог Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34 тоот ерөнхий тайлбарт нийцүүлэн тодорхойлох шаардлагатайг онцлон тэмдэглэж байна. Олон улсын эдгээр баримт бичигт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль эрх зүйн зохицуулалт нь нарийн тодорхой, урьдчилан тооцоолж болохуйц, ардчилсан нийгэмд зайлшгүй шаардлагатай байх шалгуурыг хангах ёстой хэмээн тодотгосон байдаг.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиудыг цензурын хэрэгсэл болгон ашиглахаас сэргийлж, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах хуулийн хязгаарлалт зөвхөн илэрхий бөгөөд шууд аюул заналхийлсэн онцгой нөхцөлд үйлчлэх ёстойг баталгаажуулах нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад онцгой чухал байна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг хуулийн заалтыг буруугаар ашиглахаас сэргийлэхийн тулд сэтгүүлчдэд тулгаж буй аливаа ял, хуулийн үйл ажиллагаа нь ил тод, шударга байх ёстой. Бид Ноорог.мн редакцад цензур тавьсан асуудлыг нэн даруй хянаж, нягтлах, нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна. Цаашлаад иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хэмжээний цогц бодлого хэрэгжүүлэх, мэдээллийг хязгаарлахаас илүүтэй иргэдийн мэдээллийн дархлааг дэмжих замаар нийгмийн аюулгүй байдал, мэдээллийн эрүүл орчныг бэхжүүлэх нь чухал байна.

Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, олон улсын хүний эрхийн байгууллагуудыг энэ хэргийг анхааралтай ажиглаж, Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахыг уриалж байна" гэжээ. 

зураг
 
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН, ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ