Уншиж байна ...

Илон Маск нэг өдрийн дотор $22.2 тэрбумын хөрөнгөө алдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 13 минут
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлд гарсан уналтын улмаас дэлхийн тэргүүн баян Илон Маск $22.2 тэрбумын хөрөнгөө алджээ.

Түүний хөрөнгийн тал орчим хувийг бүрдүүлдэг Тесла компанийн хувьцааны ханш энэ өдөр 15 гаруй хувиар унасан юм.

Теслагийн хувьцааны ханш өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд үеэс хойш нийтдээ 55 хувиар унаад байна.

Үүний улмаас Илон Маскийн хөрөнгийн хэмжээ нийтдээ $120 тэрбум гаруйгаар буурсан юм.

Тэрбээр Трампын засаг захиргаанд төсвийн хэмнэлт, үр ашигтай байдал хариуцсан агентлаг DOGE-ийг удирдаж байгаа.

Энэхүү шинэ алба нь Теслагийн бизнесийг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдыг эзэмшиж байсан хувьцаагаа зарахад хүргэж байгаа бололтой.

Бизнесийнхээ ид үед Теслагийн үйлдвэрийн шалан дээр хонодог байсан гэгддэг Маск одоо Цагаан ордноос холгүй оршдог DOGE агентлагийн албан тасалгааны шалан дээр хонодог болсон гэх мэдээлэл бий.

Өчигдрийн Теслагийн уналт нь 2020 оны есдүгээр сараас хойших хугацааны нэг өдрийн доторх хамгийн том уналт юм.

Теслагаас гадна Маск бас SpaceX, X, xAI, Neuralink компаниудыг удирддаг. Түүнийг бас компьютер тоглоомын хорхойтон гэдэг. Мөн Маск нь 10 гаруй хүүхдийн эцэг юм.

Маскийн зав зайнаас гадна Теслагийн борлуулалт Европ, Хятадын зах зээлд буурсан нь хувьцааны үнэ ханшид сөргөөр нөлөөлж байгаа гэж шинжээчид тайлбарлаж байна.

Маскийн хөрөнгийн хэмжээ одоо $310 гаруй тэрбум орчимд хүрсэн ч дэлхийн тэргүүн баяны титмээ хадгалсан хэвээр байгаа.

Түүний ард Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос $210 тэрбумтай удаалж байна.

 

Эх сурвалж: Business Insider