Хүчин, хүн амины хэрэг гарсны дараах цөөн хэдэн өдрийн дотор Юнескод бүртгэлтэй өмнөд Энэтхэгийн хотоос гадаадын олон зуун жуулчин гарч явжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Карнатака мужийн Хампи хотод аялж байсан хэсэг жуулчид халдлагад өртсөн юм.
Нутгийн иргэн гурван эрэгтэй бүлэг жуулчдаас мөнгө нэхэж маргалдсаны дараа эрэгтэй жуулчдыг голын усанд түлхэж унагаад Израилийн жуулчин эмэгтэйг хөтчийнх нь хамт хүчиндсэн байна.
Усанд унасан жуулчдын нэг нь амиа алджээ.
Гэмт хэрэг үйлдсэн гурван этгээдийг баривчлан шалгаж эхэлсэн байна.
Энэ хэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, Энэтхэгт аялж буй гадаадын жуулчдыг айдаст автуулсан юм.
Нэг үе Хинду шашинт Вижаяанагара хаант улсын нийслэл байсан Хампи хот дээвэргүй музей хэмээн алдаршсан газар юм.
Тус хот 1986 онд Юнескогийн Дэлхийн Соёлын Өвийн Жагсаалтад бүртгэгдэж байжээ.
Пүрэв гарагийн гэмт хэрэг Хампи хотын гол балгаснаас 28 км зайтай оршдог Санапур тосгонд гарсан юм.
Уг тосгон “нийгмээс нэлээд тусгаарлагдсан газар” болохыг орон нутгийн цагдаагийн ахлагч Рам Арасидди хэвлэлд ярьжээ.
Юнескод бүртгэлтэй түүхэн дурсгалыг үзэхээр жил бүр 100,000 орчим жуулчин ирдэг юм байна.
Гэмт хэрэг гарсны дараа жуулчдын ихэнх нь тус хотоос явж, ирэх гэж байсан жуулчид захиалгаа цуцалжээ.
“Нийт жуулчдын бараг 90 хувь, ихэнх нь Израилийн иргэд Пүрэв гарагаас хойш хотоос гарч явсан” гэж Карнатака мужийн хөтөч нарын холбооны тэргүүн Вирупакша Хампи мэдээлсэн байна.
“Гарсан хэрэг үнэхээр аймшигтай. Бид аюулгүй байдалдаа санаа зовж байна. Бид Хинду шашны Холи баярыг хүртэл энд байх төлөвлөгөөтэй байсан ч Ражастан муж руу явахаар шийдсэн” гэж Израилийн 21 настай жуулчин Талиа Зилбер орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Тэрбээр таван найзынхаа хамт Ням гарагт Хампи хотыг орхин явсан байна.
Болсон явдалтай холбогдуулан Карнатака мужийн захирагч Шивараж Тангадаги үдэш оройн цагаар гадагш гарахгүй байхыг жуулчдад анхааруулжээ.
Жуулчдад халдсан этгээдүүдийн хоёрыг Бямба гарагт баривчилсан бол нэгийг нь хөрш Тамил Наду мужийн нутаг дэвсгэрээс Ням гарагт баривчилсан байна.
Түүнийг цагдаа нар Даваа гарагт Карнатака мужид авчирчээ.
Энэтхэгийн эрх баригчид 2013 онд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хуулиа чангатгасан ч жил бүр олон арван мянган хүчингийн хэрэг гарсан хэвээр байгаа.
Тухайлбал 2022 онд Энэтхэг даяар 32,000 орчим хүчингийн хэрэг гарсныг тус улсын Үндэсний Бүртгэлийн Хорооны тоон мэдээлэл харуулж байна.
2023 онд Жарханд мужид Бразил-Испанийн иргэн жуулчин эмэгтэй нөхөртэйгөө хамт аялж яваад бүлэг хүчингийн хэргийн хохирогч болж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!