Фэйсбүүкийг эзэмшдэг Мета компани дэлхийн хамгийн урт далайн усан доорх кабелийн сүлжээг байгуулах төсөл эхлүүлж байгаагаа өчигдөр зарлажээ.
Уг сүлжээ нь АНУ, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил улсууд болон дэлхийн бусад бүс нутгуудыг хооронд нь холбох юм байна.
Project Waterworth нэртэй уг төслийн хүрээнд 50,000 км урт шилэн кабель татах бөгөөд энэ нь дэлхийн экваторын бүслүүрээс ч урт юм.
24 салаа утастай шилэн кабель нь мэдээлэл дамжуулах өндөр багтаамжтай тул Мета компанийн хиймэл оюуны төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.
“Project Waterworth төсөл нь АНУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк болон бусад бүс нутгуудад салбартаа тэргүүлэх түвшний харилцан холболтыг авчрах юм. Төсөл нь эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, дижитал оролцоог сайжруулж, бүс нутгуудад технологийн хөгжлийн боломжийг нээх болно” гэж Мета компани мэдэгджээ.
Мэдэгдэлд цааш нь “Тухайлбал бидний Энэтхэгийн дижитал дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын өсөлтийг энэ төсөл улам хурдасгаж, тус улсын дижитал эдийн засгийн амбицтай зорилтуудыг дэмжих юм. Бид сүүлийн арав гаруй жилийн хугацаанд янз бүрийн түншүүдтэй дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, усан доорх кабелийн 20 гаруй сүлжээг байгуулаад байна” гэсэн байна.
Мөн түгээмэл ашиглагддаг 8-16 салаа утастай кабелийн оронд 24 салаатайг ашиглах тул шинэ төсөл нь салбартаа тэргүүлэх түвшний өндөр багтаамжтай холболт үүсгэхийг тайлбарлажээ.
Өнөөдөр дэлхийн нийт интернэт урсгалын 95 гаруй хувь далай доогуур татсан кабелаар дамждаг.
Үүнийг дагаад кабелийн дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар яригдах болсон.
Өнгөрсөн онд хэд хэдэн дэд бүтцийн сэжигтэй гэмтэл тасалдал гарсны дараа энэ оны нэгдүгээр сард НАТО байлдааны хөлгүүдээ Балтийн тэнгисийн эргүүл хамгаалалтад гаргах болсон юм.
Их Британи улсын гадаад ертөнцтэй харилцдаг мэдээллийн урсгалын 99 хувь нь далай тэнгисийн усан доогуур татсан 60 орчим кабелаар дамждаг.
Саяхан тус улсын парламент дахь Үндэсний Аюулгүй Байдлын байнгын хороо усан доогуурх дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах чадвар, урт хугацааны саатал тасалдал үүссэн тохиолдлыг тэсвэрлэх чадвараа шалгаж, үнэлэх арга хэмжээ авахыг засгийн газартаа уриалж байв.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!