Уншиж байна ...

Европын удирдагчид Украины асуудлаар шуурхай уулзалт зарлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрсдийг нь ОХУ-тай байгуулах энхийн гэрээний яриа хэлэлцээнд оролцуулахгүй болсныг мэдсэний дараа Европын удирдагчид Парис хотод шуурхай уулзалт зохион байгуулахаар болжээ.

Украины асуудал хариуцсан Трампын тусгай элч АНУ-ОХУ-ын хооронд явагдах яриа хэлэлцээнд Европын удирдагчдыг “шууд оролцуулахгүй, гэхдээ тусдаа зөвшилцөнө” гэж мэдэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Тэрбээр ойрын үед Орос, Украины төлөөлөгчид Саудын Араб улсад уулзахыг энэ үеэр бас мэдээлжээ.

Трампын тусгай элч Кит Кэллог өмнөх яриа хэлэлцээнүүд бүтэлгүйтсэн гол шалтгаан нь хэтэрхий олон оролцогчтой байснаас болсон гэж Европыг оролцуулахгүй байх үндэслэлээ тайлбарласан байна.

Европын удирдагчдын уулзалтыг санаачлагчдын нэг Их Британийн ерөнхий сайд Кир Стармер “Бидний аюулгүй байдалд Оросын зүгээс заналхийлж буй эгзэгтэй цаг үе ирлээ. НАТО-д Европ чухал үүрэгтэй оролцох цаг ирсэн нь тодорхой боллоо. Бид Украины ирээдүйг хамгаалахын тулд АНУ-тай хамтран ажиллаж, Оросын зүгээс учруулж буй аюулыг даван туулах хэрэгтэй болж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр энэ сарын сүүлээр АНУ-д айлчлахдаа ерөнхийлөгч Трамптай уг асуудлаар ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн байна.

Түүний мэдэгдлээс өмнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский цаашдаа АНУ-ын хамгаалалтад найдаж суухын оронд “Европын нэгдсэн арми” байгуулахыг тус тивийн удирдагчдад уриалсан юм.

Мюнхений аюулгүй байдлын чуулганд оролцож буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тавьсан илтгэлдээ Америк-Европын хуучин харилцаа үргэлжлэх боломжгүй болж байгаа, Европын холбоотнууд үүнтэй дасан зохицох цаг ирснийг илэрхийлж байв.

Энэ үеэр тэр бас Европын аюул занал Орос, Хятадын зүгээс биш, дотроос нь гарч байгааг хатуу анхааруулсан юм.

Өчигдөр Мюнхенд үг хэлэхдээ Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Лэмми бас Европын орнууд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх түүхэн цаг үе ирснийг онцолжээ.

НАТО-гийн гишүүн 23 орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ядаж 2 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулахгүй байгаа тохиолдолд “Путин алга болохгүй” гэж тэр хэлсэн юм.

 

Эх сурвалж: BBC