АНУ-тай байгуулах газрын ховор элементийн гэрээ Украин улсын аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй тул хориг тавьж байгаагаа ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгджээ.
Бизнесийн салбараас гаралтай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх засаг захиргааныхаа Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд үзүүлсэн тусламж дэмжлэгийг үргэлж шүүмжилдэг байсан ба тангараг өргөснийхөө дараа уг тусламжийн төлбөрт Украины газрын ховор элементийн нөөцийг эзэмших нөхцөлийг тулгаж эхэлсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр Трампыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсны дараа Киевийн эрх баригчид газрын ховор элементийн гэрээний төслөө АНУ-ын талд илгээж байв.
Гэвч Трамп, Путин нар Украины дайныг дуусгах энхийн гэрээг Киев болон Европын эрх баригчдыг оролцуулалгүйгээр байгуулах магадлалтай болсон юм.
“Гэрээнд сайд нарын түвшинд гарын үсэг зурахаар тохиролцоод байв. Гэхдээ би ерөнхийлөгч учраас энэхүү бичиг баримтын агуулгад нөлөөлж чадна. Тиймээс би сайд нартаа гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй. Миний бодлоор энэ гэрээ биднийг хамгаалж чадахгүй. Бидний эрх ашгийг хамгаалахад бэлэн биш байна. Гэрээ нь хууль зүй талаасаа, бас хөрөнгө оруулалт талаасаа зөв байх ёстой. Энэ бүхэн аюулгүй байдлын баталгаатай холбогдох ёстой. Одоогоор би ийм холбоог олж харахгүй байна” гэж Зеленский өчигдөр Мюнхенд үргэлжилж буй аюулгүй байдлын олон улсын чуулганы үеэр хэлжээ.
Трампын хувьд Украинд үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэх эсэхээ амлахгүй байгаа ч өмнө үзүүлсэн нийт тусламжийн төлбөрт $500 тэрбумын дүнтэй ашигт малтмал авах санаагаа илэрхийлээд байгаа.
Баасан гарагийн орой ерөнхийлөгч Володимир Зеленский, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нарын тэргүүлсэн Украин, АНУ-ын төлөөлөгчдийн уулзалт Мюнхенд болсон бөгөөд уг уулзалтын дараа газрын ховор элементийн гэрээний талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй юм.
Тухайн өдөр АНУ-ын хоёр намын хэсэг хууль тогтоогчидтой хаалттай горимд уулзах үеэрээ Зеленский бас Вашингтоны тулгаж буй саналд санаа зовж байгаагаа илэрхийлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тухайлбал тэр “танилцаж амжаагүй ямар нэг бичиг баримтад гарын үсэг зуруулахаар утга учиргүй шахаж байгаа” мэт сэтгэгдэл төрснөө ярьсныг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ мэдээллийг өгсөн эх сурвалжууд АНУ-ын Украинд тавьсан саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч “хэт нэг талыг барьсан” байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!