Нийгмийн хариуцлагатай кампанит ажлуудыг танилцуулах Social Impact 2025 арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээ нь 2 дахь жилээ зохион байгуулагдаж, 400 орчим зочин цуглаж, 12 байгууллага нийгмийн хариуцлагатай кампанит ажлаа танилцуулсан юм.
Төрийн байгууллагуудаас Эрүүл мэндийн яам “Ирээдүйгээ бүү сор”, ЦЕГ “Соёл танаас” кампанит ажлаараа оролцлоо.
Арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй орчныг бий болгох, аюулаас урьдчилан сэргийлэх, кибер аюулгүй байдлын тухай сэдвүүд өндрөөр хөндөгдөв. Энэ чиглэлд хийсэн онцлох нөлөөллийн ажил нь “Өнгө нэмнэ” кампанит ажил байв. Уг ажлыг “Бичил глобус” санхүүгийн байгууллага зохион байгуулсан бөгөөд ажилчид, салбаруудаараа дамжуулан орон нутагтаа оролцоотой байхыг уриалсан гэлээ.
Тодруулбал, “Бичил глобус” эерэг нөлөөллийг бий болгоход хамтын оролцоо чухал гэдгийг харуулж 16 аймагт иргэд, эцэг эхчүүдийг уриалан хамтарч, хүүхдийн тоглоомын талбайг засварлан өнгө нэмж, эвдрэл гэмтлээс шалтгаалан аюултай болсон тоглоом, сандал, саравчийг хэвийн болгож ногоон байгууламж хийн хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх аюулгүй таатай орчныг бүрдүүлжээ. Энэ ажлаа 4 дэх жилээ дахин үргэлжлүүлэх ба хүүхдийн төлөө эерэг ажилд оролцоогоо нэмэгдүүлэхийг иргэдэд уриалж байгаа аж.
Мөн eSchool платформ хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийсэн онцлох ажил байлаа.
Өнөөдрийн арга хэмжээнд оролцогч байгууллагууд эерэг нөлөөллийг нийгэмд бий болгоход хүн бүрийн оролцоо чухал гэдэг дээр санал нэг байсан юм.
Мөн арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс ААН, байгууллагуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсрол мэдлэгийг тэлэхэд чиглэсэн агуулгыг аливаа ажилдаа шингээж байхыг уриалав.
Дараагийн онцлох ажил нь Nomadia picture-ийн 2 бүлэг бүхий “Хавтаст хэрэг” олон ангит кино байлаа. Энэ нь уран сайхны аргаар иргэд, олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай танин мэдүүлснээрээ ач холбогдолтой байсан юм.
Social Impact 2025 арга хэмжээнд,
Нийгмийн хариуцлагатай кампанит ажлуудын сайн жишгүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Хүн бүрийн оролцоо эдгээр ажлуудыг илүү үр дүнтэй болгож, эерэг нөлөөлөл нийгэмд илүү хурдан түгэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!