Угаартаж нас барсан гэр бүл, хамаарал бүхий зургаан хүний мэдээлэл, зургийг олон нийтийн сүлжээнд цацсан хэрэг гарсан. Үүнд буруутай этгээдийг олж тогтоохоор ажиллаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлсэн. Тэгвэл хэргийн газрын үзлэг болоод нас барсан хүмүүсийн танилцуулгыг сошиалд дэлгэсэн этгээдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрчим хүчний яамд болон нийслэлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд утааны асуудалд ажлын хэсэг болон ажиллаж байгаа. Тэдгээр албан тушаалтнуудын дундаа мэдээлэл солилцдог вайбэр групп байдаг. Шуурхай мэдээлэл солилцдог группт байгууллагуудын тавьсан мэдээллийг олж авч тухайн танилцуулгыг бэлтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Тухайлбал, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан гэдгийг цагдаагийн байгууллагаас, мэдээлэл хэлбэрээр бэлдэж олон нийтэд цацсан бусад хэсгийг энэхүү групп чатнаас авсан нь тогтоогдоод байна. Хохирлын талаар тал талаас оруулсан мэдээллийг нэгтгээд цацсан.
Энэ хэрэгт холбогдуулан иргэн Б-г бусад дөрвөн хүний хамт эрүү үүсгэн шалгаж эхэлж байна. Прокурорын хяналт дор шалгагдаж байгаа хүн нь ямар нэг төрийн албаны харьяалалгүй. Гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!