Уншиж байна ...

С.Өнөрсайхан: Төрөх насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь жингийн илүүдэлтэй байна. Энэ насныханд анхаарах хэрэгтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний VI судалгааны үр дүнг өчигдөр олон нийтэд танилцуулсан. 

Энэ үеэр төрөх насны эмэгтэйчүүд болон жирэмсэн ээжүүдэд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатайг судлаачдын багаас онцолсон юм. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх учраас энэ тал дээр бодлогын шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. 

Үндэсний судалгааны удирдагч, профессор С.Өнөрсайхан "Халдварт бус өвчний судалгааг 20 жил тогтмол хийхэд манай улсын 17-69 насны нийт хүн амын 96 хувь нь архи уудаг, тамхи татдаг, хөдөлгөөн хийдэггүй, артерийн даралт нь ихэсдэг, ногоо жимс иддэггүй нь харагдсан. Үүний шалтгаан нь 17-45 насандаа нэгэнт зан үйл нь тогтчихсон, эрүүл байх эсэхийн 55 хувь нь зөвхөн өөрөөс нь хамаардаг бүлгийнхэнд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлсэнд байна.

Харин одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд чиглэсэн ажлаа сайн хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрөх насны эмэгтэйчүүддээ ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Эрүүл хүүхэд эрүүл ээжээс төрнө.

Төрөх насны эмэгтэйчүүдийн илүүдэл жингийн үзүүлэлт 2010 оны буюу IV судалгаан дээр 21.8 хувь, V судалгаа дээр 29.7 хувь байснаа VI судалгаа дээр 53 хувь болж өссөн. Иймд тэдэнд чиглэсэн хоол тэжээл, хүнсний асуудлыг анхаарахгүй бол болохгүй байна. Тураалын үзүүлэлт хэвэндээ байгаа бол таргалалт өсөх хандлагатай байна. 2017 онд төрөх насны эмэгтэйчүүдэд таргалалт 16.5 хувь байсан нь 2023 онд 18 хувь болсон. Өсөлтийн хувийг харахад бага мэт боловч жирэмсэн ээжүүдийн тоог харвал өндөр гарч ирдэг.

Бид 2023 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн зан үйлийн судалгааг хийсэн. Үүнд 14 наснаас өмнөх хүүхдүүдийн жин, бэлгийн зан үйл, хувийн эрүүл мэндийн дадал нь тун муу гарч ирсэн. 10 жилийн дараа гэхэд тэд насанд хүрэхэд хүн амын эрүүл мэндийн байдал муудна уу гэхээс сайжрахааргүй прогнозтой" гэлээ. 

"Монголын хүн амын дунд хийсэн судалгаагаар иод дутлын эмгэгтэй хамааралтай 10 бамбайн эмгэгийн ес нь эмэгтэйчүүд"

Харин жирэмсэн эхийн бичил шим тэжээлийн талаарх судалгааны үр дүнг тэрбээр танилцуулахдаа "Д амин дэмийн дутагдал их байна. 2023 онд хүн амын 70.6 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гэж гарсан. 

Жирэмсэн эмэгтэйн бичил тэжээлийн байдлыг харвал Д амин дэмийн дутал 76.6 хувь, төмөр дутлын тархалт 39.8 хувь байна. Иод дутал сүүлийн 10 жилд өссөн тоотой байгаа. Иодын дутал дээр бид байнгын арга хэмжээ авч байхгүй бол Монголын хүн амын дунд хийсэн судалгаагаар иод дутлын эмгэгтэй хамааралтай 10 бамбайн эмгэгийн ес нь эмэгтэйчүүд. 

Жирэмсэн эмэгтэйн хоол тэжээлийн байдалд өөрчлөлт хийхгүй бол хоол, шим тэжээлийн дутмагшил болон агаарын бохирдол гэхээр эрүүл хүүхэд төрөх магадлал хэцүүхэн байна" гэв.