Уншиж байна ...

Л.Гантөмөр: Бид валютаа олоод ирнэ. Түүнийг "чулуу" болгох нь Монголбанкны ажил

Б.Бадамгарав, IKon.mn
3 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд ам.доллар төгрөгийн эсрэг улам чангарч, Монголбанкнаас зарласан хоёрдугаар сарын 11-ний албан ханшаар 3,457.45 төгрөгтэй тэнцэж байна. Хоёрдугаар сарын 1-ний өдөр уг ханш 3,448 төгрөг байв.

Энэ нь экспорт буурч, валютын нөөц багассантай холбоотой гэх тайлбар гараад буй. Уг асуудлаар өнөөдөр сэтгүүлчид Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс тодруулга авсан юм. 

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр "Бид нөөцөө нэмэгдүүлэх, экспортоо өсгөх арга хэмжээ авна. Сая Хятад улс 15 хоног Цагаан сар хийлээ. Он гараад 40 хонож байхад 15-д Цагаан сараа, тав хоногт нь Шинэ жилээ хийсэн. Урд хөрш маань 40 хоногийн 20 хоногт нь амралтын горимтой байлаа. Хүчээр тулгаж юм зарж болохгүй биз дээ. Тогтвортой нийлүүлэх талын бодлогоо хийнэ.

Монголбанк мөнгөний бодлогоо барих үүрэгтэй. Засгийн газар экспортоо хангалттай барина. Бид валютаа олоод ирнэ, түүнийг "чулуу" болгох нь Монголбанкны ажил. Энэ жилийн нэг онцлог нь өдөр бүр 1,000 монгол хүн гадагшаа аялж, бараг нэг тэрбум ам.долларыг гадагшлуулсан байна. Мөн цагаан сарын импорт нэмэгдэж байгаа. 

Ирэх долоо хоног гэхэд төв банк импортыг тодорхой хэмжээнд зохицуулах бодлогоо оруулж ирж, Засгийн газартайгаа зөвшилц гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Төв банкны ерөнхийлөгч нь Засгийн газар дуудахад хүрээд ирдэг хүн биш. Бие даасан хүн.

Гэхдээ бидний өгч байгаа чиглэл нь өдөр, шөнөгүй нэмэгдэж буй автомашины импортын хэмжээг багасгах тухай юм. Урьдчилгаагүйгээр зээл олгодог болсон байна. Хөл толгойгүй нийлүүлэлт хийж байна. Ингээд байвал хэдэн ам.доллар байсан ч манайд тэсэхгүй" гэлээ.