Япон улсын сангийн яамны албан хаагч ажлын дараа согтуурч, наргиж яваад нууц мэдээлэлтэй бичиг баримтаа гээсэн тухай тус улсын NHK олон нийтийн суваг өчигдөр мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 6-ны орой тэр Йокохама хотод ажлынхантайгаа гадуур таван цагийн турш наргихдаа есөн аяга шар айраг уусан юм байна.
Дараа нь галт тэргээр Сүмида дахь гэртээ ирээд цүнхээ гээснийг мэдсэн гэнэ.
Нэрийг нь нууцалсан албан хаагч сангийн яамны гаалийн хэлтэст ажилладаг бөгөөд түүний цүнхэнд хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй 187 хүний хувийн мэдээлэл байжээ.
Бас албаны зориулалтаар ашигладаг зөөврийн компьютероо бичиг баримтын хамт гээсэн байна.
Сангийн яамны төлөөлөгч олон нийтийн итгэлийг ноцтой алдагдуулсан хэрэг гарсанд уучлал гуйсныг NHK суваг дамжуулжээ.
Архи, согтууруулах ундааг япончууд эртнээс нийгмийн харилцааг зохицуулах чухал хүчин зүйл гэж үзсээр ирсэн бөгөөд найрын ширээний ард бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хүнд хэцүү асуудлыг ярилцаж зөвшилцдөг уламжлал одоо ч түгээмэл оршсоор байдаг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!