Даваа гарагт тэрбумтан Илон Маскийн тэргүүлсэн консорциум хиймэл оюуны технологийн тэргүүлэгчдийн нэг OpenAI компанийн эзэмшлийг бараг $100 тэрбумаар худалдаж авах санал тавьсан юм.
Тэрбээр OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнтэй таарамжгүй харилцаатай байдаг бөгөөд түүнийг хиймэл оюуны хүчин чадлыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах анхны зорилгоосоо хазайж, ашгийн хойноос хөөцөлдөх болсон гэж буруутгадаг.
OpenAI компанийн толгой байгууллагыг худалдаж авах зорилгоо Маскийн консорциум “анхны замд нь буцааж тавих” гэж тайлбарласан байна.
Харин Сэм Олтмэн үүнийг нь няцаасан ярилцлагыг өчигдөр Блүүмбэрг сувагт өгчээ.
“Магадгүй тэр бүхий л амьдралынхаа турш өөрөө өөртөө итгэх итгэлээр дутаж явсан байх. Надад тэр нь мэдрэгддэг. Түүнийг би тийм ч аз жаргалтай хүн гэж боддоггүй” гэж Олтмэн өрсөлдөгчийнхөө талаар ярьсан байна.
Тэрбээр Маскийг OpenAI компанийг зөв залах гэхээсээ илүү өрсөлдөгчөө дарах зорилготой гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.
“Түүнийг зүгээр л бидний ажлыг удаашруулах сонирхолтой гэж би бодож байна. Тэр бол бидний өрсөлдөгч. Тэр xAI компанид маш их мөнгө зарцуулсан” гэж Олтмэн хэлсэн байна.
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани OpenAI компанитай ижил чиглэл салбарт өрсөлддөг юм.
“Түүнийг зүгээр л илүү сайн бүтээгдэхүүн хөгжүүлэх арга замаар өрсөлдөөсэй гэж би хүсэж байна. Гэвч тэр шүүхдэх гэх мэт маш олон солиотой аргаар өрсөлдөж байгаагийн сүүлийнх нь энэ санал юм. Бид үүний хариуд зүгээр л ажлаа үргэлжлүүлнэ” гэж Олтмэн ярьжээ.
Парис хотод үргэлжилж буй хиймэл оюуны чуулга уулзалтад оролцож буй тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “OpenAI компани зарагдахгүйг” мэдэгдсэн юм.
Олтмэн энэ үеэр Маскийн тавьсан саналд нухацтай хандахгүй байгаагаа бас илэрхийлжээ.
Маскийн консорциум $97.4 тэрбумаар худалдаж авах санал тавьсан тухай мэдээ цацагдсаны дараахан Олтмэн “Зүгээр, баярлалаа. Харин өөрөө хүсвэл бид Твиттерийг чинь $9.74 тэрбумаар авч болох юм” гэж Х хуудсандаа бичиж байв.
Маск түүнд нь “Луйварчин” гэсэн ганцхан үгээр хариулжээ.
Маск, Олтмэн нарын сөргөлдөөн олон жилийн турш үргэлжилж байгаа юм. Тэд 2015 онд анх OpenAI компанийг үүсгэн байгуулалцаж байжээ.
Гэхдээ үйл ажиллагааг нь эхлэхээс өмнө буюу 2018 онд Маск энэ компаниас гарч, 2023 онд ижил зорилготой xAI компаниа үүсгэн байгуулж байв.
Маск өнгөрсөн оны гуравдугаар сард OpenAI компанийг үүсгэн байгуулсан анхны зарчмаасаа ухарсан гэх үндэслэлээр Сэм Олтмэнийг шүүхэд өгч байжээ.
Гэхдээ тэр хэдхэн сарын дараа гомдлоо буцааж татсан юм.
Дараа нь наймдугаар сард компанийг үүсгэн байгуулахдаа “ашгийн бус хэлбэртэй байна” хэмээн өөрийг нь залилсан хэрэгт Олтмэнийг буруутгаж, дахин шүүхэд ханджээ.
Энэ бүхнийг зөвхөн OpenAI компанийн хөгжлийг сааруулах зорилготой гэж үзэж байгаагаа Олтмэн олон удаа мэдэгдэж байв.
Илон Маск хэдийгээр АНУ-ын шинэ засаг захиргааны гол хүмүүсийн нэг болсон ч саяхан ерөнхийлөгч Трампын зарласан OpenAI компанийн тэргүүлэх оролцоотой хиймэл оюуны төслийг олон нийтийн өмнө шүүмжилж байлаа.
Маскийн улс төрийн нөлөө санааг нь зовоож буй эсэхийг Блүүмбэргийн сэтгүүлч асуухад Олтмэн “Магадгүй юм. Гэхдээ тийм их санаа зовохгүй байна. Би өглөө бүр сэрэхдээ зөвхөн технологио хэрхэн улам сайжруулах талаар бодохыг хичээдэг” гэж хариулжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!