Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгч Трампаар тохуурхах зорилгоор даничууд Калифорни мужийг худалдан авах хөдөлгөөн эхлүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн цагаасаа хойш Дани улсын харьяанд байдаг Гринланд арлыг өөртөө нэгтгэх санаагаа байнга илэрхийлж байгаа.

Үүнээс гадна тэр өөрийн хойд хөрш Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох, Панамын сувгийг эзлэх, палестинчуудаас Газын зурвасыг булаан авах тухай ярьдаг болсон.

Тэгвэл Дани улсын иргэд Трампын түрэмгий санаархалд хошигнолоор хариу барьжээ.

Тэд АНУ-ын Калифорни мужийг худалдаж авах хөдөлгөөн өрнүүлж, үүндээ 200,000 гаруй хүний гарын үсгийг цуглуулсан байна.

Онлайн орчинд эхлүүлсэн уг санаачилгын тайлбарт “Газрын зураг хараад Дани улсад юу хэрэгтэйг та нар ойлгов уу? Бидэнд илүү их нарны гэрэл, дал модод, дугуйт тэшүүр хэрэгтэй. Энэ мөрөөдлөө бодит болгох боломж бидэнд байна. Дональд Трампаас Калифорнийг худалдаж авцгаая!” гэжээ.

Бас “Калифорнийг дахин хүчирхэг болгоё” гэсэн уриа байрлуулж, бүр “Шинэ Дани” гэж нэрлэх санал дэвшүүлсэн байна.

Тайлбарт цааш нь бичихдээ “Бид Холливүүдэд Дани маягийн амьдрал, Беверли Хиллсд дугуйн зам, гудамж бүрд органик сморреброд (Данийн уламжлалт хачиртай талх) авчрах болно. Хууль дээдлэх ёс, бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, баримтад тулгуурласан улс төрийн бодлогыг бид нэвтрүүлэх болно” гэжээ.

“Шударга хэлэхэд Трамп бол Калифорнид тийм ч их дуртай хүн биш. АНУ-ын хамгийн сүйрсэн муж гэж тэр Калифорнийг хэлдэг. Мужийн удирдагчидтай нь таарамжгүй харилцаатай байдаг. Тиймээс тэр үнэ тохиролцвол салахад бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж хөдөлгөөнийг санаачлагчид тайлбарласан байна.

Калифорни муж нь Ардчилсан Намын хамгийн найдвартай түшиц газруудын нэг юм. Тус мужийн захирагч Гэвин Ньюсом болон ерөнхийлөгч Трамп нарын харилцаа хурцадмал байдалтай байгаа. Саяхан Ньюсом цагаачдыг албадан гаргах Трампын засаг захиргааны кампанит ажлын эсрэг тэмцэлд $50 саяыг хуваарилах болсноо зарласан. Трамп хариуд нь Лос-Анжелесын түймрийн гамшигтай тэмцэхэд холбооны засгийн газраас үзүүлэх тусламжийг зогсоохоор сүрдүүлж байв.

Дани улсын иргэдийн Калифорни мужийг худалдаж авах хөдөлгөөн нь Трампын санаархлыг элэглэн шоолсон хэлбэртэй байгаа юм.

Харин Гринландыг ямар нэг аргаар авах асуудалд Трампын засаг захиргаа илүү нухацтай хандаж байна.

Трампын намаас сонгогдсон Жоржиа мужийн хууль тогтоогч Бадди Картер саяхан Гринланд арлыг худалдаж авахыг зөвшөөрөх, тус арлын нэрийг “Улаан, Цагаан, Хөх газар” (Red, White and Blueland) болгон өөрчлөх хуулийн төслийг санаачилжээ.

 

Эх сурвалж: The Guardian