Уншиж байна ...

Автобусан дотор пиво ууж, өөрөө бууж явчхаад жолооч хөөсөн гэж гомдол гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн тав хоногийн хугацаанд нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаарх иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас олон нийтэд танилцуулав.

Тус газраас мэдээлснээр бүхээгтээ тамхи татсан, автобусанд гүйцэд суугаагүй байхад нь иргэний гарыг хавчсан, заасан маршрутыг зөрчиж явсан, автобусны эцсийн буудал хүртэл явахгүйгээр зорчигчийг хөөж буулгасан зэрэг зөрчил гаргасан жолооч нарыг торгосон бол зогсоол хооронд хүнээ буулгаж удаан зогссон жолоочийн цалинг хасаж, шийдвэрлэжээ.

Автобусны жолооч шалтгаангүйгээр огцом тоормосолсон, зан харилцааны доголдол гаргасан, зүй бус үг хэллэг хэрэглэсэн гэх зарим гомдлын дагуу шалгахад зөрчил нотлогдоогүй байна.

Харин нэгэн иргэний гаргасан гомдлыг өөрийнх нь буруутай үйлдэл гэж үзжээ. Тодруулбал иргэнээс "Автобусанд ундаа задалж уусан намайг жоохон согтуу байсан болохоор хөөж буулгасан" гэж гомдол ирсэн байна. Энэ дагуу тухайн автобусны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд иргэн автобусан дотор согтууруулах ундааны зүйл /Лаазтай хөх өнгийн Cass пиво/ хэрэглэж, улмаар шалан дээр асгасан тул жолоочийг шаардлага тавихад өөрөө бууж явжээ. Иймд гомдол гаргагчийн буруутай үйлдэл гэж үзсэн болохыг мэдээллээ.