Уншиж байна ...

Италийн цагдаа Мафийн дахин сэргэлтийг таслан зогсоох зорилгоор Сицили даяар баривчлах ажиллагаа явуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Италийн цагдаагийн хүчин зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг чиглэсэн томоохон баривчлах ажиллагааг Сицили арлын төв Палермо хотод болон түүний ойролцоо газруудад явуулжээ.

Нийт 1,200 гаруй албан хаагч энэхүү ажиллагаанд оролцсоны дотор цэрэгжсэн цагдаагийн хүч Карабиниеригийн алба хаагчид бас багтсан байна.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд үзэгдээгүй энэ том ажиллагаа Мафийн засаглалын дээд хэлбэр болох Купола бүтцийг сэргээн байгуулах гэсэн оролдлогыг таслан зогсоох зорилготой байжээ.

Энэ нь сүүлийн саруудад Мафийн хэд хэдэн босс шоронгоос суллагдсантай холбоотой гэнэ.

Ажиллагааны үеэр нийт 181 этгээдийг баривчилжээ.

100 гаруй жилийн турш Сицили арлын хот тосгодод Мафи үйл ажиллагаагаа явуулж, бизнесийн байгууллагуудаас татвар хурааж, мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан түүхтэй.

Шоронд хоригдож байхдаа мафийн боссууд хоорондоо мэдээллээ кодолсон тусгай гар утсаар харилцаж байсныг цагдаа нар илрүүлжээ.

Тэд шоронгоос гарсныхаа дараа энэ харилцаагаа бодитой арга хэмжээ болгохоор ажиллаж эхэлсэн юм байна. Боссуудын чат группт Роберт де Ниро, Спайдермэн зэрэг нууц нэрээр ордог этгээдүүдийг цагдаа нар  эрэн сурвалжилж байгаа тухай La Repubblica сонин мэдээлжээ.

Суллагдсан боссуудын дотор 12 жил ял эдлээд 2023 онд суллагдсан Томмасо Ло Прести гэгч байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн онд мафийн эсрэг тэмцэж байгаад алагдсан прокурор Жованни Фалконег оршуулсан Палермо хотын сүмд мөнгөн хуримаа тэмдэглэн дуулиан тарьж байжээ.

 

Эх сурвалж: BBC