Мягмар гарагт Цагаан ордонд Йорданы хаан Абдуллатай уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп газар нутгаа Ойрх Дорнодод тэлэх этгээд санаагаа дахин илэрхийлжээ.
Тэрбээр хоёр сая гаруй палестинчуудыг хөрш улсуудад нь нүүлгэн шилжүүлсний дараа Газын зурвасыг АНУ-ын мэдэлд шилжүүлэх санааг өмнө нь гаргаж, дэлхий нийтийг гайхшируулж байсан юм.
Энэ долоо хоногийн эхээр Трамп хэрвээ палестинчуудыг нутаг дэвсгэртээ суурьшуулахыг зөвшөөрөхгүй бол Йордан, Египет улсуудад үзүүлдэг тусламжаа зогсоохыг анхааруулж байв.
Ойрх Дорнод дахь АНУ-ын гол холбоотнуудын нэг Йордан улсын нутагт одоо ч хэдэн сая палестин хүн амьдардаг.
Трамптай уулзсаныхаа дараа хаан Абдулла “Йордан улс Палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийн эсрэг тууштай зогсох болно” гэж мэдэгджээ.
Харин хаантай зэрэгцэж суусан Трамп өмнөх байр суурь нь өөрчлөгдөөгүй хэвээр байгааг илэрхийлсэн юм.
“Бид энэ газрыг авах болно. Бид үүнийг эзэмших болно. Бид үүнийг хамгаалах болно” гэж тэр Газын зурвасын талаар хэлжээ.
Сүйрсэн газар нутгийг АНУ авбал бүс нутаг даяар “маш олон ажлын байр” бий болохыг Трамп бас онцолсон байна.
“Энэ нь алмааз эрдэнэ байж магадгүй гэж би бодож байна” гэж хэлсэн тэрбээр зорилгоо биелүүлэхийн тулд АНУ бусад улс орнуудыг албадах шаардлагатай гэж үзэж байгаагаа хүртэл илэрхийлжээ.
Энэ үеэр Абдула хаан түүний яриаг чимээгүй сонсож суусан юм.
Палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх тал дээр “бүх талын ашиг сонирхолд бүрэн нийцсэн шийдэл” хэрэгтэйг тэр хэлээд Йордан улс одоохондоо 2,000 палестин хүүхдийг халамжилж авах сонирхолтой байгааг мэдэгджээ.
Гэвч энэ мэдэгдэл Трампын байр суурийг зөөлрүүлсэнгүй. Тэр “Бид Йорданд, бас Египетэд хэсэг газартай болно гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлсэн нь палестинчуудыг суурьшуулах газрыг хэлсэн бололтой.
Даваа гарагт Египет улсын гадаад хэргийн яам палестинчуудыг шилжүүлэн суурьшуулах санааг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.
“Палестины ард түмэн хууль ёсны нутаг дэвсгэртээ үргэлжлүүлэн оршин тогтнох нөхцөлийг баталгаажуулсан Газын зурвасыг сэргээн босгох алсын хараатай цогц төлөвлөгөөг бид дэвшүүлэх бодолтой байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.
Уг төлөвлөгөөг боловсруулахдаа Трампын засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлснээс гадна хөндлөнгийн аливаа оролцоо “энх тайван тогтооход саад учруулж болзошгүй” гэж анхааруулсан байна.
Йорданы хаан Абдулла сүүлд Трамптай хийсэн уулзалт “бүтээлч” болсныг сошиал хуудсандаа бичсэн ч түүний тавьж буй санал санааг нь зовоож буйг илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн улсын байр суурийг “Нийт Арабын ертөнцийн байр суурь” гэж тодорхойлсон байна.
“Палестинчуудыг шилжүүлэлгүйгээр Газын зурвасыг сэргээн босгох, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах нь бүх талуудын тэргүүн зорилт байх ёстой” гэж хаан мэдэгджээ.
1948 онд Израил улсыг байгуулагдах үед газар нутгаа алдсан палестинчууд Йордан улсад ирж суурьшсан түүхтэй. Тэдний үр удам одоо хэдэн саяар тоологдож, Йордан голын зүүн эрэгт оршин суудаг.
Тус улс бас Сирийн дүрвэгчдийг газар нутагтаа шингээж, эдийн засаг нь АНУ-ын тусламж дэмжлэгээс хамааралтай байдаг.
Палестинчуудыг газар нутгаас нь нүүлгэн шилжүүлэхийг олон улсын хууль дүрмийн дагуу эрс эсэргүүцэж байгаагаа НҮБ саяхан мэдэгдсэн юм.
Өчигдөр Трампаас НҮБ-ын анхааруулгын талаар асуухад “Бид тэднийг шинэ орон гэртэй, айх аюулгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг бүх хэрэгцээ нь хангагдсан газарт суурьшуулна” гэж хэлжээ.
Палестинчуудыг газар нутгаас нь нүүлгэх санааг Трамп өнгөрсөн долоо хоногийн эхээр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзах үеэрээ анх илэрхийлж байв.
Тэр үеэс хойш Трамп энэ санааг дахин дахин илэрхийлж байгаа.
Даваа гарагт тэр Fox News сувгаар ярихдаа Газын зурвасын хоёр сая гаруй палестинчуудыг төрсөн нутагтаа буцаж ирэхийг нь зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн юм.
“Тэд буцаж ирэхгүй. Учир нь тэднийг хамаагүй дээр нөхцөлд амьдруулах болно. Би бүрмөсөн нүүлгэн шилжүүлэх тухай ярьж байна” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!