126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаа дуусгав. Тэдний дунд туршлагатай, тулхтай улс төрчдөөс гадна амны салиа нь арилаагүй ажил, амьдралаа ялгаж чадах хэмжээнд очоогүй “анхлан суралцагч” ч бий. Тэгвэл шинээр бүрдсэн парламентын гишүүд өнгөрсөн нэгэн чуулганы хугацаанд юу хэлж ярьж, тэр нь олны дунд хэрхэн ярианы сэдэв болж байсныг гишүүдийн нэрсийн дарааллаар тоймлон сануулж байна. Үг ямар байна үйлдэл тийм гэдэг дээ.
Үхэхээс бусдыг үзсэн толгой гэдэг үг одоогийн парламентын гишүүдээс Н.Алтанхуягт хамгийн их тохирмоор. Үнэхээр л намын дарга, Их хурал, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гээд түүнд хааж үзээгүй алба үгүй. Гэвч тэр хэрээр үг хэл нь чамбайрах бус харин ч улам бүр салбайсаар өнөөдрийн хэмжээнд ирсэн. Ямар сайндаа “Задгай цагаан” гэдэг хоч хүртэл зүүх вэ дээ.
Цагтаа Засаг толгойлж, хэлсэн үг болгон нь хэвлэлийн тэргүүн нүүрэнд бичигдэж явсан эрхэм өдгөө чуулганы танхимд эрх баригч намын залууст загнуулж, гэртээ арьс арчилгааны сурталчилгаа хийж сууна. Үг хэлэх бүрдээ хэлэлцэж буй асуудлаас хадуурч, эсрэг намынхан руугаа давшилдаг түүнд Д.Амарбаясгалан дарга “Н.Алтанхуяг дарга аа та настай намбатай хүн байж тавтиртай бай” хэмээн сануулсан бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Алтанхуяг дарга аа та ямар сонин хүн бэ. Юм болгон дээр азаргалаад байх юм” хэмээн адарсан удаатай.
Ямартай ч Н.Алтанхуяг гишүүн намрын чуулганы хугацаанд анхаарал татах үг хэлж амжилгүй, зөвхөн “загнуулжээ”. "Зүгээр сууж байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал ерөнхийлөгчид нэр дэвшээд эх орон, ард түмний төлөө алалцсан ч яах вэ дээ" хэмээн яриан дундаа хэлсэн нь хамгийн анхаарал татах үг байлаа.
Харьцангуй залуу спикер гэхэд тун хянуур, нямбай нэгэн болохоо харуулсаар буй. Гэхдээ баяр ёслолын арга хэмжээн дээр түргэдэж, барьц алдсан удаатай. 126 гишүүнтэй парламентын анхны шинэ жил гэхээр ангийн даргын хувьд догдлолгүй яах вэ. “17:00 цагаас гишүүдийн сургалттай. Цагтаа очихыг хүсье” хэмээн чуулганы танхимын хоймроос орон даяар гишүүдийн шинэ жилийн цэнгүүн болох гэж байгааг зарласан нь УИХ-ын дарга тэрхүү арга хэмжээнд хэр их ач холбогдол өгснийг харуулсан. Түүний энэ үг шинэ жилийн турш трэнд байж чадсан юм. Хамгийн удаан хугацаанд, хэлц үг болтлоо хэрэглэгдсэн "Сургалттай" хэмээн үг намрын чуулганы хамгийн хамгийнаар өрсөлдөгчгүй шалгарах биз ээ.
Мөн тэрбээр “ангийнхандаа” тун ч халамжтай дарга. Үргэлж бухимдалтай харагддаг ангийн “охин” Ц.Мөнхтуяадаа санаа тавьж “Шөнө яав. Яагаад жаахан ууртай байна” гэж хүртэл асууж байлаа.
Түүний хэлсэн дээрх үг хамгийн богино онигоо гэдэг шиг уншигдсан гэхэд хилсдэхгүй болов уу. Сохор азаар гэх үү эсвэл сошиал од Нарад чирэгдэж гэдэг ч юм уу ямартай ч Иргэний Зориг Ногоон Намын нэрээр дөрвүүл парламентад орж ирсэн. Гэвч удалгүй намынхаа ганц олны танил гишүүн Наратай үзэлцээд, дэд даргын албан тушаалаас нь түүнийг чөлөөлчхөв. Төрсөн ах дүүсээрээ намаа бүрдүүлсэн Б.Батбаатар М.Нарантуяа-Нара гишүүнтэйгээ сайндсан бололтой одоогоор нам жим байцгаана.
Төрийн тэргүүн улс орныхоо эрх ашгийн өмнө өөрийн шуналыг тавьсны горыг өнөөдрийн бид хүртэж суугаа. Эцэст нь үнэнд гүйцэгдсэн Ерөнхийлөгч асан “Царигийн асуудлыг дахин битгий яриач” гэж хэвлэлийнхнээс гуйв. Гэвч баас хатавч өмхийгөө тавьдаггүйн үлгэрээр хэдхэн хоногийн дараа “Нарийн царигтай байсан бол бид газар нутгаа 100 жилээр алдах байсан” хэмээн хэвлэлд яриа өгөөд зогсож байна билээ.
Жагсаалтаар сонгогдсон гишүүдээс олон нийтэд хамгийн эергээр дүгнэгдээд буй эмэгтэй гишүүнээр Ж.Баярмааг нэрлэж болох байх. Энэ нь түүний ямар сэдвээр чанга дуугарах вэ гэдэг дээр мэдрэмжтэй ханддагийн илрэл. Улсын төсөв хэлэлцэх үеэр төсвийн зарлагыг бууруулахыг нэр бүхий гишүүдийн хамт Засгийн газраас шаардсан нь иргэдэд тун таалагдсан. Гэхдээ сэдэв болгон дээр “Босоо” Ганбаа гишүүн шиг попроод байвал нэр хүндээ эрт алдах эрсдэлтэйг олж харсан байж магад. Учир нь саяхан яригдсан хаврын морин уралдаанд хүүхдээр морь унуулах эсэх маргаанд тэр огт оролцоогүй. Хүүхдийн эрхийг хамгаалах дээр дуу гаргаагүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хамгийн идэвхтэй дуугарч явна лээ.
Ерөнхий сайдыг тойрсон залуу улс төрчдөөс өндөр боловсролтой, дэвшилтэт үзэлтэй хэмээн пиараа бүрдүүлж, олонд танигдсан эмэгтэй. Гэвч Ховд аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш тэрхүү пиар нь худал байсан уу эсвэл цаг үеэсээ ухраад байна уу гэмээр үйлдэл хийж, тэр болгон нь сошиалд шүүгдсээр ирсэн.
Гишүүн болсныхоо дараа ч засгийн газрын бодлого, улс орны хөгжил гэхээс илүү хувь улс төрчийн амбиц, олонд таалагдах попролыг өмнөө тавих хандлага хэн болохыг нь харуулаад буй.
Өмнөх парламентын үед түүний бараг л хэлсэн үг болгон олныг баясгадаг байв. Ажил хэрэгч, жинтэй гэхээсээ илүү алиа хошин маазраа болоод өнгөрдөг түүний үг далайлт нь чанга ч буулт нь зөөлөн. Хэдийгээр түүний хэлсэн үг инээд наргиа болоод өнгөрдөг ч зарим үед эрх баригч намын хөндүүр газарт хүрээд авдаг байв.
Харин энэ парламентад Д.Ганбат гишүүн их л аядуу зөөлөн болж. Заримдаа аядуу зөөлөн нь хэтрээд Их хурлын даргыг магтаж, "ая тал" засаж суугаа харагддаг болсон.
Дээхэн үеийн монгол кинонд гардаг "Манай атманыг яаж байна аа" гэдэг шиг яриа өнгөрөгч наймдугаар сард Төвийн байнгын хорооны хуралдааны үеэр болсон юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл хэлэлцэх үеэр Ерөнхий аудитор Д.Загджав гишүүдийн асуултад хариулахдаа шахмал түлшний үйлдвэртэй холбоотой зөрчлийг дурдаад хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн гэдэг хариулт өгөв.
Энэ хариултыг сонссон Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ухаан алдах дөхсөн юм. Тэрбээр "Чи чинь юу яриад байна аа. Ерөнхийлөгч тэр үед Ерөнхий сайд байсан шүү дээ. Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гээд сууж байх юм. Чи зөв хариулж байна уу" хэмээн сандарч, дахин дахин лавлаж байв.
Түүний дараа улсын төсөв хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймагт бяслагны үйлдвэр 20-ыг байгуулж байгаа нь ил болж, гишүүдийн шүүмжлэл, хэвлэлийнхний дайралтад өртсөн. Гэсэн ч тэрбээр энэ бүхнийг юман чинээ тоолгүй "Би бяслагны үйлдвэрээ барина. Яллах хүн байвал би ёстой май гэж хэлнэ" гэж ярьж суусан.
Энэ бүхнээс харахад хэвлэлийнхний асуулт, ангийнхных нь хардлага түүнд юу ч биш. Харин Ерөнхийлөгчөө буруутан болгох л хамгийн аймшигтай зүйл аж.
Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааныг даргалах үеэрээ Боловсролын сайдад хандсан энэ үгээ нэлээд зуунги, өширхсөн янзтай хэлж байв. Харж явсан сайдын суудлаа алдсан бачуурал намрын чуулганы турш түүнээс салаагүй нь хэлсэн үг болгоноос нь бэлхнээ уншигдахын зэрэгцээ боломж л олдвол энэ салбарын сайдыг хэмлэж таашаал авдаг гэмээр.
Саяхнаас түүнд шинэ "дайсан" нэмэгдсэн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр. Энэ хоёр хүний эрх ашиг зөрөлдсөнөөс ичиж зовохоо умартан өмнөх хойдох, ил далдаа дуудалцах болсон гэдэг.
Хувийн эрх ашгийг нь хөндвөл хүний, өөрийн гэж ялгахгүй "зуучихдаг" гэдгээ Г.Дамдинням гишүүн харуулсаар явна.
Ч.Лодойсамбуу гишүүн намрын чуулганы хугацаанд бус хэдхэн хоногийн өмнө ингэж мэдэгдсэн. Тэрбээр олон асуудалд байр сууриа илэрхийлдэг ч хамгийн "чангаар" хэлсэн үгийг нь ийнхүү онцолж байна.
Ч.Лодойсамбуу гишүүн ингэж мэдэгдсэнээр замбараагүй Засгийн газарт анхааруулга өгөв. Түүний гаргасан санал амжилт олох үгүй нь одоогоор тодорхойгүй ч намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэдгийн үлгэрээр явсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хазаараа татахыг анхаарууллаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хяналтгүй засаглаж буй эрх баригчдыг энэхүү санал багагүй сандаргаж байгаа нь дамжиггүй.
УИХ-ын ээлжит намрын чуулганы хугацаанд хэлсэн үг нь олны анхаарал татаж, сэдэв болон яригдсан 10 гишүүнийг онцлов. Дараагийн 10 гишүүний хэлсэн үгийг үргэлжлүүлэн хүргэх болно.