АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлд ярихдаа “Украин улс хэзээ нэг өдөр Оросынх болох” боломжтойг анхааруулсан нь анхаарал татаж байна.
Европт айлчилж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс энэ долоо хоногийн сүүлээр Мюнхен хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа юм.
Трамп өчигдөр бас өөрийн тусгай элч Кэйт Келлог болон сангийн сайд Скотт Бэссэнтийг удахгүй Украин руу явуулах гэж байгааг мэдээлжээ.
Fox News сувгаар гурван жил үргэлжилж буй Орос-Украины дайны сэдвээр ярихдаа Трамп “Тэд энхийн гэрээ байгуулж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Нэг өдөр тэд Оросын нэг хэсэг болж ч магадгүй, үгүй ч байж магадгүй” гэж хэлсэн байна.
Тэр бас өнөөдрийг хүртэл АНУ-ын засаг захиргаанаас Украинд үзүүлсэн тусламжийг хэрхэн буцааж олж авах санаагаа илэрхийлжээ.
“Бид өгсөн бүх мөнгөө буцааж авах хүсэлтэй байна. Би тэдэнд $500 тэрбумтай тэнцэх хэмжээний газрын ховор элемент авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэд үндсэндээ зөвшөөрч байгаа” гэж Трамп энэ талаар ярьсан юм.
Тэгвэл Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр “The Guardian” сонинд ярихдаа “Бид газар нутаг солилцоход бэлэн байна” гэж мэдэгджээ.
Гэхдээ тэр аль газар нутгийг Оростой солилцох талаар дэлгэрүүлээгүй байна.
Одоогоор Украины цэргийн хяналтад ОХУ-ын Курск мужийн газар нутгийн зарим хэсэг байгаа бол Оросын хяналтад дорнод Украины Донецк, Херсон, Луганск, Запорожье мужуудын зарим хэсэг, 2014 онд хүчээр өөртөө нэгтгэсэн Крымийн хойг байгаа юм.
Зеленский ярилцлагадаа Украины аюулгүй байдлын баталгааг зөвхөн Европын холбоотнууд хангаж чадахгүйг хүлээн зөвшөөрсөн байна.
“Америкийн оролцоогүйгээр ямар нэг аюулгүй байдлын баталгаа байхгүй” гэж тэр хэлжээ.
Германд жил бүр зохион байгуулагддаг Мюнхений аюулгүй байдлын олон улсын чуулганы үеэр буюу Баасан гарагт Зеленский, Жэй Ди Вэнс нар уулзахаар болсон байна.
Оросын эрх баригчид өчигдөр 2021 оноос хойш хар тамхины хэргээр шоронд хоригдож байгаа АНУ-ын иргэн, багш мэргэжилтэй Марк Фогелийг сулласан юм.
Энэ нь өнгөрсөн сарын сүүлээр Москвад айлчилсан Трампын засаг захиргааны тусгай элч Стив Виткофын яриа хэлэлцээний үр дүн байлаа.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Фогелийг талуудын хооронд тохиролцсон “солилцоо”-ны нэг хэсэг байсныг баталсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!