Уншиж байна ...

"Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын мөнгийг нүүрсээр төлөхгүй. Эрдэнэс Тавантолгой компани төлнө"

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 11 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын асуудлаар хэлэлцжээ.

Хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээр хоёр улсын ерөнхий сайдын уулзалтын үеэр эцэслэгдэж байгаа юм. Үүний дараа Засгийн газар хоорондын хэлэлцээр УИХ-аар соёрхон батлагдаж, компани хоорондын гэрээнүүд хийгдэх юм байна. 

"БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгож байна гэх асуудлын хүрээнд харилцан ашигтай байлгах өөрчлөлтүүдийг хийсэн"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Д.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд энэхүү гэрээг амжилттай болгох, сайжруулах тал дээр санал хэлсний дагуу сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хамтын ажиллагаа гэсэн байдлаар засвар оруулсан. Мөн гурвыг цогцоор нь буюу нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг нь гарын үсэг зурмагц зэрэг хэрэгжинэ. 

Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгож байна гэх асуудлын хүрээнд харилцан ашигтай байлгахаар өөрчлөлтүүдийг хийсэн" гэв. 

Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой нэмэлтээр орсон зарим заалтуудыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 

Тэрбээр "Гашуунсухайт-Ганцмодын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудыг зэрэг холбох асуудлыг давхар шийднэ гэдгийг гэрээнд оруулсан. Гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа тус тусын яамд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжийг Хятадын China energy-с сонгосон компанитай хийх үү, сонгон шалгаруулалтаар өөр компанитай хийх үү гэдгээ урд хөрштэй ярилцана.

Хил дамнасан төмөр зам нь нэг бүтээн байгуулалт учраас нэг компани хийх нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, аль болох үнэ өртгийг хямдруулах үүнийгээ Хятадын талтай харилцан тохиролцохыг нарийвчилсан гэрээгээрээ хийнэ. 

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийхэд аль болох үнийг бууруулж, өртгөө хямдруулахыг манай талаас тавьж байгаа. Энэ мөнгийг Эрдэнэс Тавантолгой компани төлнө. Нүүрсээр төлнө гэсэн ойлголт байхгүй. Энэ төлбөр нь иргэдэд олгох хувьцааны мөнгөнд нөлөөлөхгүй" гэв.  

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/1165288395156624