УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай холбоотой асуудлыг намын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид тодрууллаа.
Ардчилсан Намаас жагсаалтын 16 дугаарт бичигдэн парламентын гишүүн болсон Ц.Мөнхтуяа багш нарыг нэгтгэсэн төрийн бус байгууллагын нэрээр хандив цуглуулж, цугларсан мөнгөөр нь бүтэн өнчин хүүхдүүдэд орон сууц авч өгсөн. Ингэхдээ мөнгийг нь бүрэн төлөөгүй гэх дуулианд холбогдоод буй. Мөн олон нийтийн сүлжээнд ёс зүйгүй үйлдэл гаргасан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр “Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигатай ганцаараа хэрэлдэж байсан. Өнгөрсөн дөрвөн жилжингээ жагслаа, хэрэлдлээ, захирлуудтай туллаа, үзэлцлээ. Өнөөдөр хэн нэгэнтэй хэрэлдээгүй.
Ц.Мөнхтуяагийн хэдэн жилийн өмнөх бичлэгийг нь гаргаж сэвээд, тодорхой хүмүүс тараагаад байгаа мэдсэн, сонссон. Энэ нь АН-ын гишүүдийн нэр хүндэд халдах л зорилготой байх. Мөнгөний маргааныг өөрөөс нь тодруулсан нь дээр байх.
Ордноор дүүрэн тэр байтугай хулгай дээрэм хийсэн хүмүүс байхад та нар нэг багш хүнээр оролдоод байх хэрэг байгаа юм уу. Би Ц.Мөнхтуяаг мөнгө авсан гэж бодохгүй байна. Хүний мөнгийг авчихсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.
АН-ын Улс төрийн зөвлөл намынхаа бодлогын эсрэг явсан хүмүүстэй хариуцлага тооцож амжаагүй байж бусад хүмүүсийг ярих боломж алга.
Анх жагсаалтад оруулахдаа багш нарын төлөө зүтгэх хүн гэж сонгосон. Заавал мөнгөтэй, мундаг хүн гишүүн болох албагүй, жирийн багшийг гишүүн болгосон. Гол нь багш нарын төлөө тэмцэж чаддаг, үзээтэй хүн гэж сонгосон" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!