Бизнесийн орчны асуудлаар "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөллүүд Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн "Бизнест ээлтэй Монгол" хөтөлбөрийг магтаж, тусгай зөвшөөрөл, татварын багц хуулийн шинэчлэлийн талаар талууд байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч Л.Төр-Од: Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр нь бизнес эхлүүлэхэд саад учруулдаг чөдөр тушааг халахад зориулсан. Тиймээс үндсэн хоёр чиглэлд хамтран ажиллаж байгаа.
Нэгдүгээрт татварын орчныг нэн даруй шинэчлэх ёстой. Ингэхдээ зөвхөн хувь хэмжээг бууруулж, өөрчлөх байдлаар бус гарааны болон жижиг дунд бизнесийг татвараас 100 хувь чөлөөлж, тодорхой хугацаанд өсөж дэвжих боломжийг олгох ёстой.
Хоёрдугаарт зөвшөөрлийн асуудал юм. Манай улсын хэмжээнд 372 зөвшөөрөл байдаг. Үүнээс 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл юм. Хэдийгээр зөвшөөрлийн тоог багасгасан боловч зөвшөөрлийн шинж чанартай төлбөр хураамж маш их төвлөрдөг. Хуулиа зөрчиж гаргасан баримт бичиг бизнест гол дарамт болж байна. Тиймээс нийтийг болон бизнесийг төлөөлсөн байгууллагуудад зөвшөөрлийн эрхийг шилжүүлж өгөх хэрэгтэй.
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам)-ын гүйцэтгэх захирлаар О.Адьяа: Манай байгууллага татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор нийт арван санал хүргүүлсэн. Хамгийн гол нь татварын маргаан шийдвэрлэх асуудал юм. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнийг горыг амсаж, Монголоос гараад явчихсан, дотоодын хөрөнгө оруулагчдын дансыг хаасан тохиолдол өнөөдрийг хүртэл явсаар байна.
Манай гишүүн компаниуд сүүлийн 3-4 жилд хийсэн судалгаагаар 10 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хөрөнгө Монголд орж ирэх боломж хаагдсан. Уул уурхайтай холбоотой АМНАТ, татварыг давхардуулж авдаг. Төрийн өмчит компаниуд уул уурхайн салбарт давамгайлж байна.
Америкийн Нэгдсэн Улс манайхтай газрын ховор элементийн салбарт ажиллах боломж бүрэн бий. Өнөөдрийн байдлаар нөөц нь тоогдож үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон Халзан бүрэгтэй төслийг Засгийн газар, орон нутгийн удирдлага, иргэд дэмжээд явуулах шаардлагатай.
Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн: Бизнесийг орчныг сайжруулахад зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйл бол нийгмийн даатгалын шимтгэл юм. Нийгмийн даатгалын системийн шинэчлэл хийхгүй бол даатгуулагчид төлбөр төлөх сонирхолгүй болсон. Энэ шимтгэл нь албан ёсны татвар шиг бизнесийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Тиймээс энэ чиглэлийн асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.
Нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бол зөвшөөрлийг байхгүй болгох хэрэгтэй. Жишээлбэл 2022 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа байгууллагаас олгодог 74 зөвшөөрлийг цуцалсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!