"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний VI судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Судалгааг Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр гүйцэтгэжээ.
Энэ удаагийн судалгааны шинэлэг тал нь
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан "КОВИД-19 цар тахлын үе болон түүний дараах үеийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс хоол тэжээлийн тал дээр өмнө үзүүлсэн амжилтаасаа ухарсан байна. Иймд хоол тэжээлтэй холбоотой тусгай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэж байна" гэв.
Үндэсний VI судалгаанд 200 кластерын 16,064 хүнээс сорьц цуглуулан шинжилсэн бөгөөд 4,808 хүнийг есөн үзүүлэлт бүхий биохимийн цусны шинжилгээнд хамруулж, 5,232 хүнийг шээсний шинжилгээнд хамруулсан байна.
Судалгааны үр дүнгийн эхний бүлэгт тав хүртэлх насны хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг танилцууллаа.
Энэ нь халдварт өвчний байдал, эрсдэл зэрэг олон асуудалтай холбоотой учраас арга хэмжээ авах шаардлагатайг үндэсний судалгааны удирдагч, профессор С.Өнөрсайхан хэлж байв.
Түүнчлэн тураал, туранхай, өсөлт хоцролтын үзүүлэлт буурсан нь сайн үзүүлэлт гарсан байна. Тураал 1999 онд 12.3 хувьтай байснаа 1.3 хувь болж буурсан нь өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гарсныг илтгэж байгааг тэрбээр мөн онцолсон.
Бичил тэжээлийн тухайд тав хүртэлх настай монгол хүүхдүүдэд Д амин дэмийн дутагдал 48 хувьтай байгаа тул анхаарах нэн шаардлагатай байгаа гэв.
Судалгааны хоёрдугаар бүлэгт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид буюу 6-18 настнуудын хоол тэжээл, өсөлт хөгжлийн тухай танилцуулав. Энэ насныханд илүүдэл жин, таргалалт 19.6 хувьтай байна.
Мөн хүүхдүүдийн өсөлт хөгжлийг ажиглахад 10 нас хүртлээ өсөлт хэвийн явагдаж, 11 наснаас эхлээд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын үзүүлэлтээс буурч байжээ.
Улсын хэмжээнд нийтлэг ажиглагдсан уг асуудлын талаар үндэсний судалгааны удирдагч С.Өнөрсайхан "Яагаад монгол хүүхдүүдийн өндөр жин нь 11 настайгаасаа эхлээд ДЭМБ-ын заалтаас буураад ирэв гэдэг нь анхаарал татаж байна. Иймээс ерөнхий боловсролын сургуулиудад чиглэсэн интервенц хийх, насанд нь тохирсон арга хэмжээ хэрэгжүүлэх нь зөв" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!