Уншиж байна ...

Согтууруулах ундаа хэрэглэдэг гүзээтэй хүмүүсийн элэг муудах эрсдэл хоёр дахин өндөр байдгийг судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 19 минут
iKon.MN
Зураг зураг

Архи, согтууруулах ундааны хэрэглээ эрүүл мэндийн гурван төрлийн асуудалтай хүмүүст илүү хүнд тусдаг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал гэдэсний өөх ихтэй, чихрийн шижинтэй, цусны өндөр даралттай хүмүүс согтууруулах ундааг хэрэглэвэл элэг ноцтой өвчлөх эрсдэл эрүүл хүмүүстэй харьцуулахад хоёр дахин өндөр байдгийг судлаачид тогтоожээ.

Элэгний эсүүд спиртийг боловсруулж дийлэхгүй болох үед элэг өөхөлж эхэлдэг. Илүүдэл өөхнөөс үүссэн үрэвсэл элэгний хатууралд хүргэж, улмаар элэгний дутагдал, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Согтууруулах ундааны дунджаас дээш хэрэглээтэй хүмүүсийн дунд элэгний өвчлөл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан гэдэсний өөхлөлт байж болзошгүйг АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуулийн Кек Анагаах Ухааны сургуулийн профессор Брайан Лигийн ахалж явуулсан судалгааны үр дүн харуулжээ.

Нөгөө талаар гэдэсний өөх бага байсан ч чихрийн шижин, цусны өндөр даралттай хүмүүсийн элгэнд согтууруулах ундааны үзүүлэх сөрөг нөлөө ижил түвшинд байсан байна.

“Бидний явуулсан судалгааны үр дүнгээс эрүүл мэндийн тодорхой асуудалтай хүмүүсийн элгэнд согтууруулах ундаа илүү өндөр эрсдэлтэй нь харагдаж байна. Том гэдэсгүй, чихрийн шижингүй, цусны өндөр даралтгүй байсан ч энэ нь согтууруулах ундаа аюулгүй гэсэн үг биш. Архи элгэнд хортой, архи уудаг хүн бүр элэгний өвчин тусах эрсдэлтэйг мэдвэл зохино” гэж профессор Ли дүгнэлтдээ бичжээ.

“Clinical Gastroenterology and Hepatology” анагаах ухааны сэтгүүлд тайлан нь саяхан нийтлэгдсэн энэ судалгаанд АНУ-ын үндэсний эрүүл мэндийн төвд бүртгэлтэй 41,000 орчим хүний эрүүл мэндийн мэдээллийг авч ашигласан байна.

Тэдгээрийн 2,200 гаруй нь согтууруулах ундааны өндөр хэрэглээтэй ангилалд багтаж байжээ.

Өдөрт дунджаар 20 граммаас дээш хэмжээтэй уудаг эмэгтэйчүүд болон 30 граммаас дээш хэмжээтэй уудаг эрэгтэйчүүдийг “өндөр” хэрэглээтэй ангилалд тооцсон байна.

Бүсэлхийн тойрог нь 35 инчээс (89 см) дээш эмэгтэйчүүд, 40 инчээс (100 см) дээш эрэгтэйчүүдийг илүүдэл жинтэй ангилалд оруулж тооцжээ.

“Архи бол сайтар батлагдсан, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хорт хавдрын шалтгаан юм. Гэтэл үүний улмаас АНУ-д жил бүр 100,000 орчим хүн хорт хавдар тусаж, 20,000 хүн хорт хавдраар нас барж байна. Харьцуулбал согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанаар жил бүр 13,500 орчим хүн амиа алддаг. Согтууруулах ундаа бол Америкчуудын ихэнх нь сайн мэддэггүй аюул юм” гэж өнгөрсөн сард АНУ-ын ерөнхий мэс засалч (surgeon general) Вивек Мурти анхааруулж байв.

Тэрбээр энэ үеэр архи, согтууруулах ундааны лонхон дээр тамхитай адил эрүүл мэндийн анхааруулга хэвлэдэг болохыг уриалсан юм.

2019 онд Америкийн Хорт Хавдар Судлалын Хүрээлэнгээс явуулсан судалгаанд оролцсон хүмүүсийн ердөө 45 хувь нь согтууруулах ундаа хорт хавдрын нэг шалтгаан болдгийг мэдэж байжээ.

 

Эх сурвалж: CNN