Уншиж байна ...

Трамп, Маск хоёр Их Британийн ерөнхий сайдын ажил үйлсийн талаар санал зөрөлдөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 44 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын түншлэл хэр удаан үргэлжлэхийг зарим хүмүүс анхааралтай ажиглаж байгаа.

Ажиглагчдын зарим нь тэднийг хувь хүнийхээ зан төлөвийн хувьд удаан найзлах боломжгүй хүмүүс гэж үздэг.

Өнгөрсөн долоо хоногт Трампын зарласан хиймэл оюуны дэд бүтцийн аварга төслийг Маск шүүмжилж байв.

Ингэхэд Трамп дээрх төсөлд оролцож буй хүмүүсийн дотор Маскийн үзэн яддаг хүн (OpenAI компанийн гүйцэтгэх захирал) байгаатай энэ шүүмжийг холбон тайлбарласан юм.

Тэгвэл тэд дахиад бас нэг асуудлаар санал зөрчилдсөн байна.

Маскийн байнга хатуу үгээр шүүмжилдэг Их Британийн ерөнхий сайдын ажил үйлсийг Трамп эсрэгээрээ магтан сайшаажээ.

Өөрөөр хэлбэл Маскийн бас нэг “үзэн яддаг хүн”-ийг Трамп тэнгэрт тултал магтсан байна.

зураг
 
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоцонд BBC-ийн сэтгүүлчтэй уулзахдаа Трамп ерөнхий сайд Кир Стармерыг “маш сайн ажиллаж байгааг” магтаж, түүнтэй “маш сайн харилцаатай” байдгаа бахархан ярьсан байна.

“Би түүнтэй сайн харилцаатай байдаг. Тэр надад маш их таалагддаг” гэж хэлсэн Трамп 24 цагийн дотор Стармертай утсаар ярилцахаа сэтгүүлчид амлажээ.

Тэгвэл Кир Стармер сүүлийн хэдэн сарын турш байнга Илон Маскийн хатуу шүүмж, дайралтын бай болж байгаа хүн юм.

Энэ сарын эхээр тэр Стармерт албан тушаалаасаа огцрохыг уриалж, “Британийн түүхэнд хамгийн аймшигтай гэмт хэрэгт оролцсон” хүнийхээ хувьд шийтгүүлэх ёстой гэж мэдэгдэж байв.

Маск ингэхдээ гадаадын цагаачид нийгмийн эмзэг хэсгийн хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашигладаг гэх дуулианд Стармерыг холбон буруутгажээ.

“Стармер бол ерөнхий прокурорын албан тушаалд зургаан жил ажиллахдаа Британийг хамтран хүчиндсэн хүн юм” гэж Маск Х хуудсандаа бичиж байв.

Тухайн үед Стармер тэрбумтны нэрийг шууд дурдалгүй “худал хуурамч мэдээлэл түгээж буй” зарим хүмүүсийг хариу шүүмжилсэн байна.

Өнгөрсөн оны зун Британид үндсэрхэг үзэлтнүүд цагаачдын эсрэг үймээн самуун дэгдээхэд Маск гаднынханд зөөлөн, тэмцэгчдэд хатуу хандаж байгаа Стармерыг хурцаар шүүмжилж байв.

Дараа нь Маск бас Стармерыг Британид санхүүгийн хямрал үүсгэж буй гол буруутнаар нэрлэж байлаа. Нэг үгээр хэлбэл Их Британийн ерөнхий сайд нь Илон Маскийн "номер нэг дайсан" болоод байгаа.

Харин Трамп өчигдөр BBC сувагт ярихдаа Стармерыг “хэдийгээр либерал улс төрч ч гэлээ бусдаасаа өөр, маш сайн хүн” гэж дүгнэжээ.

“Тэр философийн үүднээс улс орноо удирддаг. Би түүний философитой санал нийлэхгүй байж болох ч маш сайн харилцаатай байдаг” гэж Трамп хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider, BBC