Уншиж байна ...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргээр яллав

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 18 минут
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын эхээр улс орондоо цэргийн дэглэм тогтоох шийдвэр гаргаж байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын гэм бурууг шүүх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Түүний энэ үйлдэл улс төрийн ноцтой хямрал үүсгэж, өөрөө Өмнөд Солонгосын түүхэнд бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхдаа баривчлагдсан анхны ерөнхийлөгч болсон юм.

Шүүхээс зөвшөөрсөн Юн Сүк Ёлыг хорих хугацаа өнөөдөр буюу Даваа гарагт дуусах ёстой байв.

Бямба гарагт прокурорууд хорих хугацааг нь сунгах хүсэлтээ Сөүлийн шүүхэд гаргасан ч татгалзсан хариу авсан юм. Тиймээс прокурорууд Юн Сүк Ёлыг суллуулахгүйн тулд түүнд эхний ялыг тулгажээ.

“Төрийн эсрэг бослогыг удирдсан толгойлогчийг шийтгэх ажил одоо л эхэлж байна” гэж гол сөрөг хүчин болох Ардчилсан Намын хэвлэлийн төлөөлөгч Хан Мин Су өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Үндсэн Хуулийн шүүх Юн Сүк Ёлыг албан тушаалаас нь огцруулах, эсвэл буцаан томилох эсэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхэлжээ.

Юн Сүк Ёл одоо болтол мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа юм.

Арванхоёрдугаар сарын 3-ны орой тэр “төрийн эсрэг хүч”-ээс улс орноо авран хамгаалахын тулд орон даяар цэргийн дэглэм тогтоож байгааг зарлаж байв.

Тухайн үед түүний санаачилсан төсөв парламент дээр гацаж, хэд хэдэн сайд нь авлигын хэрэгт шалгагдаж байсан юм.

Юний мэдэгдлийн дараа зэвсэгт хүчин парламентын үйл ажиллагааг зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тогтоох болсныг зарлаж байлаа.

Гэвч Юн Сүк Ёлыг цэргийн дэглэм зарласнаас хойш хоёрхон цагийн дотор Өмнөд Солонгосын парламентын 190 гишүүн түүний шийдвэрт хориг тавьсан юм.

Энэ үеэр цэргүүд парламентын ордонд нэвтрэхийг оролдож, иргэд тэднийг хориглож байв.

Улмаар арванхоёрдугаар сарын 14-нд Өмнөд Солонгосын парламент Юн Сүк Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.

Хэрвээ түүнийг Үндсэн Хуулийн шүүх албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргавал 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлан явуулах ёстой.

 

Эх сурвалж: BBC