1994 оноос хойш Беларусь улсыг тасралтгүй захирч байгаа "Европын сүүлчийн дарангуйлагч" хочтой Александр Лукашенко өчигдөр бүрэн эрхийн хугацаагаа амжилттай сунгажээ.
Таван нэр дэвшигчтэй хэдий ч үнэн хэрэгтээ өрсөлдөгчгүй болсон сонгуульд 70 настай Лукашенко 87.6 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болсон байна.
Ингэснээр тэр долоо дахь удаагаа Беларусийн ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа юм.
2020 оны сонгуулийн үр дүнг нь хүлээн зөвшөөрөөгүй Европын Холбоо өчигдрийн сонгуулийн үр дүнг ч бас хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 2020 оны сонгуулийн дараа Беларусь даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснийг Лукашенко хөрш Оросын тусламжтай нухчин дарж, сөрөг хүчний гол төлөөлөгчдийн зарим нь шоронд хоригдож, зарим нь гадаадад дүрвэсэн юм.
“Европын Холбоо түүний дэглэмийн эсрэг хязгаарласан, зорилтот арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно. Ардчилалд чөлөөт, шударга, ил тод сонгууль хэрэгтэй. Беларусь улсад ийм зүйл алга” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас мэдэгдсэн байна.
Тэр бас Украины эсрэг Оросын эзлэн түрэмгийлэх дайныг Минскийн эрх баригчид дэмжиж, хөршүүдийнхээ эсрэг хайбрид дайн явуулж байгааг мэдэгдэлдээ онцолжээ.
Лукашенко өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Орос улс Орешник шинэ үеийн баллистик пуужингаа Беларусийн нутагт тун удахгүй байрлуулах гэж байгааг мэдэгдсэн байна.
“Ойрын хэдэн өдрийн дотор бид Орешникийг хүлээж авах болно” гэж тэр хэлжээ.
Дуунаас хурдан энэхүү зэвсгийг Оросын нутагт байрлуулахаас өмнө Беларусийн нутагт түрүүлж байрлуулахаар ерөнхийлөгч Путинтэй тохиролцсоноо Лукашенко энэ үеэр ярьсан байна.
Үүнийгээ тэр Европ тивд АНУ-ын байрлуулсан дунд тусгалын пуужингийн эсрэг хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оросын арми Орешник пуужингаар анх удаа Украины Днипро хотод довтолсон юм.
Үүнээс хойш сарын дараа Путин шинэ пуужин нь Өрнөдийн хамгаалах системийг нэвтлэх чадвартай бөгөөд өрнөд Европын аль ч улсад довтлох боломжтойгоо бахархан ярьж байлаа.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!