Хууль бусаар оршин сууж байсан иргэдийг нь тээвэрлэн хүргэсэн АНУ-ын цэргийн хоёр нисэх онгоцыг Өмнөд Америкийн Колумб улсын эрх баригчид хүлээж авахаас татгалзан буцаажээ.
Үүнд уурссан ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын эсрэг эдийн засгийн цогц хориг арга хэмжээ авахаар болсноо Ням гарагт зарласан байна.
“АНУ-д зориуд нэвтрүүлсэн гэмт хэрэгтнүүдээ буцааж авахтай холбоотой хуулиар хүлээсэн үүргээ зөрчихийг нь би Колумбын засгийн газарт зөвшөөрөхгүй” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Колумб улсаас АНУ-д экспортолдог бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноох, үүргээ биелүүлэлгүй нэг долоо хоног өнгөрвөл 50 хувьд хүргэх, Колумбын төрийн албан хаагчдад олгосон визийг хүчингүй болгох, хилийн хориг тавих, банк, санхүүгийн хориг арга хэмжээнүүд авах зэргээр шийтгэхээ тэр амласан байна.
Бас Колумбын иргэд болон ачаа тээшийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхдээ илүү чанга үзлэг шалгалтаар оруулдаг болох гэж байгааг Трамп анхааруулжээ.
“Эдгээр арга хэмжээнүүд бол зөвхөн эхлэл” гэж тэр мэдэгдэлдээ бичсэн байна.
АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дээрх нислэгийг Колумбын ерөнхийлөгч Густаво Петро эхлээд зөвшөөрсөн боловч онгоцнууд замдаа гарсны дараа зөвшөөрлөө цуцалсныг тайлбарлажээ.
Ерөнхийлөгч Петро ердийн цагаачидтай гэмт хэрэгтэн мэт харьцаж байгаа АНУ-ын эрх баригчдыг шүүмжилсэн байна.
Тэрбээр иргэдийг нь иргэний зориулалттай нисэх онгоцоор буцаавал хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
“Колумбын цагаачидтай АНУ гэмт хэрэгтэн мэт харьцах ёсгүй” гэж Петро сошиал хуудсандаа бичсэн байна.
Тэр бас Колумб улсад хууль ёсны зөвшөөрөлгүй оршин суудаг АНУ-ын 15,660 иргэн байдаг боловч тэднийг хэзээ ч эх оронд нь ингэж албадан буцаахгүйгээ мэдэгджээ.
Ингэхдээ Петро “Бид Нацистуудаас өөр” гэж Трампыг тавласан байна.
Өнгөрсөн долоо хоногт Мексик улсын засгийн газар бас цагаачдыг нь тээвэрлэсэн АНУ-ын цэргийн нисэх онгоцыг хүлээж авахаас татгалзсан юм.
АНУ-ын хамгийн том худалдааны түнш Мексикийг Трамп энэ удаагийнх шиг сүрдүүлж чадаагүй ч хоёрдугаар сарын 1-нээс эхлэн импортын 25 хувийн татвар оногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.
АНУ нь Колумб улсын хувьд хамгийн том худалдааны түнш болдог бол Колумб нь Латин Америк дахь АНУ-ын гурав дахь том түнш болдог.
Тиймээс Мексиктэй харьцуулахад Колумб улс АНУ-тай ингэж харьцах нь илүү их эрсдэлтэй гэсэн үг.
Колумб улсын нийт экспортын гуравны нэг орчим нь АНУ-д гардаг ба энэ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Колумб нь Трампын засаг захиргааны хууль бус цагаачдын эсрэг хатуу бодлогыг таашаахгүй байгаа Латин Америкийн ганц улс биш юм.
Бямба гарагт Бразил улсын гадаад хэргийн яам бас цагаачидтай нь гэмт хэрэгтэн мэт харьцсан АНУ-ын засаг захиргааг шүүмжилж байв.
Тус улсын цагаачдыг иргэний агаарын тээврийн онгоцоор буцаасан ч гарт нь гав зүүсэн байжээ. Мөн нислэгийн явцад тэдэнтэй зохисгүй харьцаж байсан талаар Бразилын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Бразилын 88 иргэн, АНУ-ын аюулаас хамгаалах албаны 16 ажилтан, нислэгийн багийн найман гишүүнтэй онгоц анх Бело Оризонте хотод буух төлөвлөгөөтэй байсан ч техникийн шалтгаанаар Амазонас мужийн төв Манаус хотод газарджээ.
Бразилын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силвагийн тушаалаар иргэдийнхээ гавыг тайлж, Манаусаас Бело Оризонте руу өөрийн нисэх онгоцоор аяллыг үргэлжлүүлсэн байна.
Трамп өнгөрсөн Даваа гарагт тангараг өргөснийхөө дараахан онц байдал зарлаж, АНУ-аас хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаанд Пентагоныг дайчилсан юм.
Тиймээс цагаачдыг нутагт нь буцаах ажилд цэргийн нисэх онгоцнуудыг ашиглаж байгаа.
Өмнө нь АНУ-ын засаг захиргаа цэргийн нисэх онгоцыг зөвхөн дайн мөргөлдөөнтэй бүс нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд ашиглаж байжээ.
Тухайлбал 2021 онд Афганистанаас цэргээ гаргахад ийм зорилгоор ашиглаж байсан юм.
Харин цагаачдыг АНУ-аас албадан гаргахад цэргийн нисэх онгоц ашиглаж байгаагүй юм байна.
Баасан гарагт АНУ-ын армийн хоёр нисэх онгоц тус бүр 80 цагаачийг Төв Америкийн Гватемал улсад тээвэрлэн хүргэжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!