Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-нд 83 насандаа өвчний учир таалал төгссөн.
Гадаад улсын төрийн тэргүүнүүд энэхүү харамсалтай явдалд эмгэнэл илэрхийлж, захидал илгээсээр байна.
Мөн явдалд харамслаа илэрхийлж Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ивая Такэши, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт эмгэнэлийн захидал ирүүлэв.
Түүнчлэн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд Япон Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Засгийн газрын тусгай зөвлөх Акиба Такэо захидал хаяглан илгээсэн бол, Япон улсын Элчин сайд М.Игавахара монголын нийт ард түмэнд эмгэнэлээ илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч агсны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд эмгэнэлийн дэвтэр нээж, нийт ДТГ-уудын цахим хаягаар эмгэнэл хүлээн авсаар байгаа аж.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!