Уншиж байна ...

Украинд нийлүүлэх АНУ-ын зэр зэвсгийн зардлыг Европ төлөх боломжтойг НАТО-гийн тэргүүн мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
3 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте өчигдөр Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы хэлэлцүүлэгт оролцохдоо Украинд нийлүүлэх АНУ-ын зэр зэвсгийн зардлыг Европын холбоотнууд нь төлөх боломжтойг хэлжээ.

Европын орнууд батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, зэр зэвсгийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, Украинд үзүүлэх тусламжийн томоохон хэсгийг гаргах боломжтойг тэр энэ үеэр мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлсэн үгэндээ Украинд үзүүлэх тусламжийн хэмжээгээ Европын Холбоо нэмэгдүүлэх шаардлагатайг илэрхийлж байсан юм.

“АНУ-ын оролцоо Украинд үргэлжлэхийг бид хүсэж байна. Хэрвээ Трампын шинэ засаг захиргаа батлан хамгаалах аж үйлдвэрийн баазаасаа Украинд зэр зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлэхэд бэлэн байгаа бол зардлыг нь Европчууд төлөх болно. Би үүнд бүрэн итгэлтэй байна. Бид үүнд бэлэн байх ёстой” гэж Рутте хэлжээ.

Украин нь АНУ-аас илүү Европ тивд ойр тул Европ илүү их туслах ёстой гэсэн Трампын санааг дэмжиж байгаагаа тэр бас илэрхийлсэн байна.

Ингэхдээ тэр Европын орнууд хэр их мөнгө гаргаж чадах, Европын удирдагч нар энэ асуудал дээр санал нэгдсэн эсэх талаар дурдаагүй юм.

Дээрх хэлэлцүүлэгт зайнаас оролцсон Трампын тусгай элч Ричард Гренелл “Америкийн ард түмэн НАТО-гийн гол зардлыг гаргаж байгаа. Одоогийн гишүүн орнууд өөрсдийн хувь нэмрийг оруулахгүй байгаа тохиолдолд та Америкийн ард түмнээс НАТО-гийн хүрээг өргөжүүлэхийг шаардаж болохгүй. Үүнд Нидерланд улс ч хамаатай” гэж ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө Нидерландын ерөнхий сайд байсан Марк Руттег шүүмжилжээ.

Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ сулруулалгүй байж, Орост ялах боломж олгохгүй байх нь цаашлаад Умард Солонгос, Хятадын удирдагчдын санаархлыг таслан зогсооход маш чухал болохыг хэлэлцүүлгийн үеэр Рутте онцолсон байна.

 

Эх сурвалж: Reuters