Уншиж байна ...

Трампыг зөөлрүүлэхийн тулд Энэтхэг улс АНУ-д хууль бусаар амьдарч буй 18,000 иргэнээ татаж авна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн засгийн газар АНУ-д хууль бусаар оршин сууж буй 18,000 орчим иргэнээ татаж авах ажлыг Трампын засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа тухай Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.

Ингэж шинэ ерөнхийлөгчид тал зассаныхаа хариуд Энэтхэг улс худалдааны дайнаас зайлсхийж, бас оюутнууд, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийнхээ хууль ёсны дагуу АНУ-ын визийг авах боломжийг хадгалж үлдэх хүсэлтэй байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

2023 онд АНУ-аас гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдэд олгосон H-1B төрлийн визийн бараг дөрөвний гурвыг Энэтхэгийн иргэд авч байжээ.

Нөгөө талаар Энэтхэгийн 18,000 иргэн АНУ-д хууль бусаар оршин сууж байгааг Вашингтоны эрх баригчид тогтоосон байдаг.

Бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай гэнэ.

Энэтхэгийн баруун бүсийн Пунжаб, Гужарат зэрэг мужийн иргэд АНУ-д амьдарч буй хууль бус цагаачдын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг байна.

“Энэтхэг-АНУ-ын цагаачлалын хамтын ажиллагааны хүрээнд талууд хууль бус шилжилт хөдөлгөөнийг таслан зогсоох чиглэлд анхаарлаа хандуулах болно. Энэтхэгээс АНУ-д хууль ёсны дагуу цагаачлах боломжийг бий болгохын тулд үүнийг хийж байгаа юм” гэж Энэтхэгийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал саяхан хэлжээ.

Гэхдээ Энэтхэгийн иргэд АНУ-д хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдийн багахан хэсгийг бүрдүүлдэг юм.

2024 оны байдлаар нийт хууль бус цагаачдын 3 орчим хувийг л бүрдүүлж байжээ.

Ихэнх хэсгийг нь Мексик, Венесуэл, Гватемал зэрэг Латин Америкийн орнуудын иргэд бүрдүүлдэг байна.

Делигийн эрх баригчид АНУ-ын хууль бус цагаачлалтай тэмцэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах ажлыг ерөнхийлөгч Байдены засаг захиргааны үед эхлүүлсэн юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард 100 гаруй иргэнээ АНУ-аас тусгай үүргийн онгоцоор татаж авсан бол үүнээс өмнөх 12 сарын хугацаанд нийт 1,100 гаруй иргэнээ татан авч байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg