Уншиж байна ...
Зураг
Зураг

Г.Бямбацэрэн: Эхийг заавал чангаар уншиж байж ойлгодог оюутнууд их сургуульд нэлээд орж ирж байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Бага ангийн сурагчдын унших чадвар, түүнийг хөгжүүлэх арга зүй" хэлэлцүүлэг Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр монгол хүүхдүүдийн унших чадварын судалгаа, цаашдын чиг хандлагатай холбоотой илтгэлийг МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, дэд профессор Г.Бямбацэрэн хүргэсэн юм. 

Сурагчдын унших чадварын судалгааны үр дүнг танилцуулсан түүний илтгэлээс тоймлон хүргэж байна. 



Унших нь хэл, сэтгэхүй хоорондын үйлчлэл юм. Үүнийг чухалчлан хэлж байгаагийн учир юу гэвээс уншихыг зөвхөн код тайлахаар хязгаарладаг хандлага манайхны дунд ажиглагддаг.

Өөрөөр хэлбэл унших гэдэг энгийн үйлээ сэтгэхүйн үйл болгох талыг нь орхигдуулдаг гэсэн үг. Хувь хүний суурь чадваруудын бараг анхдагч нь унших. 

Зөв уншиж сурсан хүн хурдан уншина. Уншлагынхаа хурдыг тохируулсан хүнээс “ойлгох чадвар”-ыг шаардана. 

Унших хурдын стандартыг Ц.Оюун багш 1997 онд тодорхойлсон.

Эхний шалгуурт хурдаа нэмж уншиж сурсан байх ёстой. Хурд нэмэх стратегиудыг сургуулийн бага насны хүүхдүүд эзэмшсэн байхыг шаарддаг. 

2008-2009 онд Боловсролын Үнэлгээний Төв дээр төвлөрсөн судалгааны тайланг боловсруулж байсан. 

6, 7, 8 настай хүүхдүүдээс авсан судалгааны гүйцэтгэлд оноо өгөхөд дараах үр дүн гарсан. Тухайлбал зургаан настай хүүхдүүдийн уншлагын гүйцэтгэл 53 хувьтай гарчээ. 

Сурагчдын нас Гүйцэтгэлийн онооны дундаж хувь
6 настайдаа элссэн 52.7
7 настайдаа элссэн 46.2
8 настайдаа элссэн 37.6

2008 онд хийсэн дээрх судалгаанаас харахад бага ангийн сурагчдын уншлагын гүйцэтгэл 50 хувьдаа хүрч чадаагүй үр дүнтэй. 

Мөн монгол, казах хүүхдүүдийн дунд унших чадварын судалгааг гүйцэтгэж байсан. 

Гүйцэтгэлийн онооны дундаж хувь:

Монгол  41.6
Казах 30.8

Үүний дараа дэлхийн 87 оронд хийгдсэн судалгааг монгол хүүхдүүдийн дунд 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн. 

Ингэхдээ зөвхөн нэг, хоёрдугаар ангийн сурагчдыг онцолж авч үзэж байжээ. 

Аль болох хүүхдэд айдас төрүүлэхгүй байх, айдас төрүүлэхгүйн тулд энгийн асуултуудаар эхлэх гэх мэтчилэн процессын хувьд судалгаа авах мэдрэмж төрүүлэхгүйгээр авсан байна.

Авиаг зөв дуудахгүйгээс уншихад бэрхшээл үүсэж байгаа нэг том баримтыг энд гаргаж ирсэн.

Egra даалгаврын урьдчилсан дүн:

  • Хүснэгтэлсэн үгсийг таньж унших даалгаврын гүйцэтгэл сайн байсан бол сонсоод ойлгож унших, уншаад ойлгох чадвар гэх хоёр том шалгуурын үзүүлэлтүүд ихэвчлэн 27-28 хувьтай доогуур үнэлэгдсэн.
  • Хүйсээр нь харахад PISA-ийн үнэлгээтэй ижил буюу эмэгтэй хүүхдүүд нь илүү, эрэгтэй хүүхдүүд нь бага зэрэг сул дүр зураг ажиглагдсан.

Авиа зүйг бага ангийн багш нарт түлхүү эзэмшүүлэх, өөртөө унших уншлагыг дэмжих хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. 

Яагаад ийм дүгнэлт гарсан бэ? 

  • Нэг, хоёрдугаар ангийн сурагчид бусдад унших явцдаа өөрийнхөө зөв, буруу уншиж буй эсэхээ хянахад чиглэсэн үйлдлийг түлхүү хийдэг юм билээ. Харин өөртөө унших уншлага нь харьцангуй бага. 

Судлаачдын судалгаанд:

  • Анги ахих тусам өөртөө унших уншлагыг нэмэгдүүлж, бусдад унших уншлага хасагдаж байх ёстойг дурдсан. Үүний цаад санаа нь юу вэ гэвэл өнөөдөр их сургуульд чангаар уншиж байж ойлгодог оюутнууд нэлээд ирж байна.
  • Хүүхдийг багаас нь бусдад унших уншлага хийлгээд явчихаар уншлагын буруу дадал хүний насан туршийн боловсролд ингэж сөргөөр нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. 

Мөн ойлгож унших чадварыг дэмжих зөвлөмжийг өгсөн. Код тайлахад л төвлөрөөд байдаг болохоос биш ойлгож унших стратегиудыг хэрэглэх арга зүй багш нарт дутмаг. 

Бага ангиас нь сурагчийн эзэмших ёстой чадварт анхаарах ёстой гэх дүгнэлт гарсан байдаг.

PISA-ийн үнэлгээг 1997 онд боловсруулан гурван жил тутам хийж байна.

Монгол Улсын 15 настай 7,276 хүүхэд математик, шинжлэх ухаан, уншлагын чадваруудаа үнэлүүлсэн. Ямар үр дүн гарсныг мэдэж байгаа байх. 

МУБИС-ийн Монгол хэлний тэнхимд хийгдсэн судалгааны үр дүнгээс товчхон танилцуулъя. 

Нэг, хоёрдугаар ангид хурдаа нэмж зөв уншиж сурах нь чухал.

Найман наснаас эхлэн хүүхэд бодит сэтгэхүйгээс хийсвэр сэтгэхүйд шилждэг оюуны хөгжлийн онцлогтой. Энэ онцлог болоогүй үед нь ойлгож уншуулах арга зүй ашиглавал үр дүнгээ өгөхгүй байх тохиолдол их. 

Иймд гуравдугаар ангиас учир шалтгааныг олох, энгийн унших чадварыг сэтгэхүйн үйл болгох арга аргачлал руу чиглэсэн бодлогыг баримтлах нь зүйтэй. 

Ер нь бага ангийн хүүхдүүдийн унших чадварт хамгийн их нөлөөлдөг хүн бол багш.

76 хүүхэд, 113 багшийг хамруулсан судалгааны үр дүнгээс мэдээлбэл:

1-3 дугаар ангийн хүүхдүүдийн уншлагын дундаж хурд нь олон үгийн зөрүүтэй байдаггүй. Бидний судалгаанаас харахад 10-15 үгийн л зөрүүтэй.

Эх уншуулаад уншлагынх нь хурдыг тодорхойлохыг хичээсэн. Гуравдугаар ангийн хүүхэд

  • Дээд тал нь минутад 217 үг
  • Доод тал нь минутад 18 үг уншсан.

Нэг эхийг дор хаяж гурван удаа уншуулж үзээд эхний удаад уншихад ойлгоц нь ямар байгаа вэ гэдгийг тодорхойлохыг хичээсэн.

Манай багш нарт нийтлэг ажиглагддаг хандлага нь нэг уншуулчхаад л асуулт тавиад, ярилцаад явдаг. Улмаар ойлгож унших процесс хязгаарлагдаж байна. Тийм учраас бодит судалгаагаар тодорхойлохоор хичээсэн.

Судалгааны үр дүн: 

  • Эхний удаад уншуулаад ойлгоцыг илрүүлэх асуултаа тавьж үзэхэд дөнгөж 18 хувь
  • Хоёр дахь удаа уншуулахад 63 хувь
  • Гурав дахь удаа уншуулахад 17 хувь нь асуултад хариулсан.

Дөрвөөс дээш бүр зургаан удаа уншуулаад ч ойлгохгүй хүүхэд гарч ирсэн. Бодит байдал ийм байгаа учир сурагчдын унших чадварыг анхааралдаа авах нь чухал байгааг профессор Г.Бямбацэрэн нэмж хэллээ.