PISA: Монгол сурагчдын 64 хувь нь УНШИХ ЧАДВАР ЭЗЭМШЭЭГҮЙ гэх үр дүн гарчээ
Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2022 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдсан.
Үр дүнг нь өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж үнэлгээ оноо 472
- Азийн дундаж оноо 451
- Монгол Улсын оноо 425
PISA-д хамрагдсан улс орнуудаас 47 дугаарт, анх удаа хамрагдсан зургаан улсын нэгдүгээрт оров.
Монгол Улс OECD-ын дундаж дүнгээс математикийн үзүүлэлтээр 2.3 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1.2 жилийн хоцрогдолтой байна.
Унших чадварын гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж оноо 476
- Азийн дундаж оноо 427
- Монгол Улсын оноо 378
Хамгийн гүйцэтгэл муутай гарсан нь унших чадварын үнэлгээ. 81 орноос манай улс 65 дугаар байранд орж, OECD-ын дунджаас таван жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой байна.
Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж 485
- Азийн дундаж оноо 449
- Монгол Улсын оноо 412
81 улсаас 53 дугаарт оров. OECD-ын дунджаас гурван жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1.8 жилийн хоцрогдолтой байна.
Сурагчдын мэдлэг, ур чадвар
Математикийн хичээл дээр 15 настай хоёр монгол хүүхэд тутмын нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй байна. Нэг сайн мэдээ нь манай нийт оролцогчийн 160 нь топ гүйцэтгэл үзүүллээ.
Унших ур чадварын тухайд монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэх үр дүн гарсан. Гурван сурагчийн хоёр нь суурь түвшиндээ хүрэхгүй байна. Нэг хувь нь топ түвшинд үнэлэгдсэн.
Байгалийн ухааны мэдлэг, ур чадварын тухай тодруулбал хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрээгүй бол 11 сурагч топ түвшинд үнэлэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
