Уншиж байна ...
Зураг
Зураг

Тойрог замд гацсан Boeing хөлгийн сансрын нисэгчдийн дэлхийд буцаж ирэх хугацаа дахин нэг сараар хойшилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Бач Уилмор, Сани Уиллямс нар

Тойрог замд хагас жил орчим хугацаанд гацаад буй Boeing компанийн туршилтын хөлгийн сансрын нисэгчид төлөвлөснөөсөө нэг сарын дараа дэлхийд буцаж ирэхээр болжээ.

Бач Уилмор, Сани Уиллямс нар энэ оны зургаадугаар сард Boeing компанийн анхны сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд хүрсэн юм.

Гэвч “Boeing Starliner” хөлөгт техникийн доголдол илэрч, сансрын нисэгчдийг буцаан тээвэрлэхэд аюултай болсон тул тэд тойрог замын станцад үлдэж, хөлөг нь хоосон буцаж байв.

Уилмор, Уиллямс нарыг Boeing-ийн өрсөлдөгч SpaceX компанийн хөлгөөр буцаахаар NASA шийдсэн ч хугацаа нь ирэх оны хоёрдугаар сард товлогдож байжээ.

Харин одоо SpaceX компанийн шинэ Crew Dragon хөлгийг бэлдэхэд нэмэлт хугацаа шаардлагатай болсон тул одоо тэд гуравдугаар сарын сүүлээр дэлхийд буцаж ирэхээр болж байна.

Хугацаа хойшлох шийдвэрийг өчигдөр NASA зарлажээ.

NASA-гийн стандартаар сансрын аяллын нэг сар тийм урт хугацаа биш. Гэхдээ тойрог замд ердөө найм хоноод буцах анхны төлөвлөгөөтэй байсан Уилмор, Уиллямс нарын хувьд энэ нь таатай мэдээ биш юм.

NASA, SpaceX хоёр өмнө нь сансрын нисэгчдийг буцаахдаа хуучин хөлөг ашиглахаар тохиролцсон байсан бол сүүлд шинэ хөлөг ашиглахаар шийдсэн байна. Үүний улмаас хугацаа дахин нэг сараар хойшилжээ.

“Шинэ сансрын хөлгийг үйлдвэрлэх, угсрах, турших, эцсийн байдлаар шалгах зэрэг нь маш нарийн, анхаарал шаардсан ажил юм” гэж NASA-гийн арилжааны нислэгийн хөтөлбөрийн менежэр Стив Стич тайлбарласан байна.

NASA сансрын нисэгчдээ тээвэрлэх хөлөг бүтээлгэхээр 2014 онд Boeing болон SpaceX компаниудыг сонгон шалгаруулж байв.

Ингэхдээ Boeing компанид $4.2 тэрбум, SpaceX компанид $2.6 тэрбумыг хуваарилж байжээ.

SpaceX-ийн хөлөг 2020 оноос хойш үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол Boeing-ийн хөлөг олон жил хойшилсны эцэст энэ оны зургаадугаар сард анх удаа сансрын нисэгчдийг тойрог замд хүргэсэн ч техникийн асуудалтай тулгараад байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider