Уншиж байна ...
Зураг
Зураг

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг зодог тайлахаа зарлажээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 48 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг их спортоо орхиж буйгаа зарлав. Тэрбээр өчигдөр Монгол телевизийн "Өнөө өглөө" нэвтрүүлэгт оролцох үеэр энэ талаар мэдэгджээ.

Энэ сарын 25-нд буюу Зул сарын баяраар 28 нас хүрэх М.Анхцэцэг хүндийн өргөлтийн төрлөөр олимпод гурав, дэлхийд найман удаа оролцсон нэгэн. 

2016 онд Риогийн олимпын 69 кг-ын жинд өрсөлдөхдөө 237 кг-ыг өргөсөн амжилтаар наймдугаар байр, таван жилийн дараа Токиогийн олимпод хүч сорихдоо 87 кг-ын жинд 252 кг-ын үзүүлэлтээр шагналт IV байр эзэлж байв.

Энэ жил Парисын олимпод 81 кг-д өрсөлдөж 225 кг-ыг өргөснөөр 10-т жагссан.

Харин ДАШТ-ээс 2017 онд огцом өргөлтөөр хүрэл, 2019 онд огцом өргөлтөөр хүрэл, 2021 онд Узбекистанд болсон тэмцээнээр нийлбэр дүнгээр алт, 2022 онд түлхэлттэй өргөлтөөр мөнгө, саяхан Бахрейны нийслэл Манамад болсон тэмцээнээр огцом өргөлтөд мөнгөн медаль хүртсэн юм.

Үүгээр ч зогсохгүй тивийн аваргаас нийлбэр дүнгээр хошой алт (2016, 2022), нэг мөнгө (2019), хос хүрэл (2021, 2023) медаль хүртэж байв.