АНУ-ын Старлинк компани дэлхийн бөмбөрцгийг тойрон хэрсэн хиймэл дагуулын сүлжээгээ гар утастай шууд холбох “Starlink Direct to Cell” технологийг хөгжүүлж байгаа.
Энэ нь үүрэн холбооны сүлжээгүй газарт гар утсаараа хиймэл дагуултай холбогдож, текст мессэж солилцох боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь сүлжээнээс гарах гэдэг ойлголт байхгүй болж, дэлхий нийтээрээ нэг том сүлжээнд нэгдэх тухай юм.
Тэгвэл энэ технологийн анхны хэрэглэгчид Шинэ Зеландын One NZ операторын хэрэглэгчид болсныг Старлинк компани саяхан зарлажээ.
“Хэрвээ та One NZ операторын хэрэглэгч бол гар утас солих, программ, тусгай аппликэйшн суулгах шаардлагагүй. Танд зөвхөн энэ технологийг дэмждэг Андроид гар утас болон тэнгэр харагдаж байхад л болно” гэж Старлинкийн албан ёсны сошиал хуудсанд мэдээлсэн байна.
One NZ компанийн мэдэгдэлд “Өмнө нь хэзээ ч ийм өргөн сүлжээ байсангүй. One NZ дэлхийд анх удаагаа Старлинк компанийн Satellite TXT үйлчилгээг орон даяар нэвтрүүллээ. Ингэснээр Шинэ Зеландчууд найдвартай харилцаа холбоотой, улам аюулгүй, улам бүтээмжтэй байх боломжтой болж байна. SpaceX-д баярлалаа” гэжээ.
Эх сурвалж: Starlink
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!