Уншиж байна ...

Хятадын хөлөг онгоцыг барьцаалсан Сомалийн далайн дээрэмчид мөнгө нэхэж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хятадын 18 хүнтэй загас агнуурын хөлгийг барьцаалсан Сомалийн далайн дээрэмчид мөнгө нэхэж эхэлснийг албаных эх сурвалжууд Бямба гарагт мэдээлжээ.

Уг хөлгийг далайн дээрэмчид яг хэзээ эзэлсэн нь тодорхойгүй байна. Өнгөрсөн Пүрэв гарагт Европын Холбооны далайн дээрэмтэй тэмцэх хүчнийхэн анх барьцаалагдсаныг нь мэдээлж байжээ.

“Дээрэмчид одоогоор хөлгийг эрэг дагуу шилжүүлж, аюулгүй байрлал хайж байна” гэж Сомалийн зүүн эргийн боомт хот Эйлийн цагдаагийн ахлагч Мохамед Дини мэдээлсэн байна.

Түүний өгсөн мэдээллээр бол Хятадын талын хөлсөлсөн хамгаалалтын ажилтнууд эхлээд тус хөлгийг барьцаалжээ. Сүүлд далайн дээрэмчдийн зэвсэгт бүлэг тэдэнтэй нийлж, хүчээ зузаатгасан байна.

Хятадын талтай хамгаалалтын гэрээ байгуулсан Сомалийн компани барьцаалагчдад $300,000-ыг санал болгосон ч хүлээж аваагүй тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Европын Холбооны далайн дээрэмтэй тэмцэх тэнгисийн хүч Аталанта нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд барьцаалагдсан хөлгийн ажилтнууд эсэн мэнд байгааг Баасан гарагт мэдээлсэн юм.

Олон жил нам гүм байсан Сомалийн далайн дээрэмчдийн үйл ажиллагаа сүүлийн үед эрчимжиж эхэлснийг энэ үйл явдал харуулж байна.

Энэ оны гуравдугаар сард далайн дээрэмчид Мозамбик улсаас Арабын Нэгдсэн Эмират улс руу 55,000 тонн нүүрс тээвэрлэж явсан Бангладешийн ачааны хөлгийг барьцаалж байв.

Хөлгийн эзэн болох Бангладешийн KSRM групп цүнхтэй их хэмжээний мөнгийг барьцаалагчдад агаараас хаяж өгсний дараа “MV Abdullah” хөлгийг чөлөөлсөн юм.

Хэр хэмжээний мөнгө өгснөө тус групп нууцалж байгаа.

Энэ явдлаас хойш Энэтхэгийн далайд хэд хэдэн ийм хэрэг гарсан нь Сомалийн далайн дээрэмчдийн үйл ажиллагаа сэргэж болзошгүй гэсэн айдсыг үүсгээд байна.

 

Эх сурвалж: AFP