Румын улсын дээд шүүх тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны үр дүнг хүчингүй болгож, санал хураалтыг дахин шинээр явуулах шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт маргааш буюу Ням гарагт төлөвлөгдөөд байсан юм.
Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болсон эхний шатны санал хураалтад Румын улсын Украинд үзүүлж буй тусламжийг зогсоох хүсэлтэй, Оросын талыг баримтлагч нэр дэвшигч Кэлин Жоржеску шалгарсан нь гэнэтийн цочир үр дүн байлаа.
Учир нь тэр сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудад нэг оронтой тоогоор хэмжигдэх санал авч байсан бөгөөд эхний шатанд шалгарах магадлал маш бага байсан юм.
Лхагва гарагт нийтлэгдсэн Румыны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тайланд энэ удаагийн сонгууль “Оросын түрэмгий гибрид халдлагын хохирогч болсон” гэж дүгнэсэн байв.
“Румын улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг дахин явуулах бөгөөд засгийн газар шаардлагатай алхмуудын товыг шинээр тогтоох болно” гэж дээд шүүхийн шийдвэрт өгүүлжээ.
Ням гарагт болох хоёр дахь шатны санал хураалтад өмнөх шатанд хамгийн олон санал авсан Оросыг дэмжигч, хэт барууны үзэлтэй Жоржеску, Европын Холбоог дэмжигч, төвийн үзэлтэй Елена Ласкони нар өрсөлдөх гэж байсан юм.
Тэд өмнөх шатанд хамгийн олон санал авсан ч аль аль нь 50 хувийн босгыг даваагүй тул хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болоод байв.
Өнгөрсөн Ням гарагт болсон парламентын сонгуульд бас хэт барууны намууд сайн үр дүнтэй оролцсон ч эрх баригч Социал Демократууд олонх болж чадсан байна.
Дээд шүүх энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн юм.
Ингэснээр Өрнөдийн талыг баримтлагч намууд Европын Холбоо, НАТО-гийн гишүүн орон Румынд эвслийн засгийн газар байгуулах боломжтой болж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!