Уншиж байна ...

"Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтыг судлахад ₮3.3 тэрбум шаардлагатай"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) жендэрт суурилсан хүчирхийллийн бүх арга хэлбэрийг устгах зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд 16 хоногийн аян өрнүүлдэг.

Олон улсад энэ жилийг "Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жил: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье" уриан дор тэмдэглэж байгаа юм.

Харин манай улсад 2024 оныг "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй - #Шалтаг бүү тооч" аяны хүрээнд өрнүүлж буй нь технологид суурилсан хүчирхийлэл нэмэгдэж, охид эмэгтэйчүүдэд цахим болон бодит орчинд учрах хор хөнөөлийг улам даамжруулж байгааг онцолж байна.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-той хамтран "Жендэрт суурилан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдэлийн хүчин зүйлсийн шинжилгээ" уулзалт Монгол дахь НҮБ-ын байранд зохион байгууллаа.

Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын мэдээллээр 2024 оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4.5 хувь (22 байсан бол 23 болсон), хүнд гэмт хэрэг 20.2 хувь (109-өөс 131 болж өссөн), зөрчлийн тоо 24.3 хувь (7,517 байсан бол 9,343 болсон) тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 нэг цэгийн төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн эмгэг зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3,041 үйлчлүүлэгч авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувь (2,730 байсан) өссөн байна. Эдгээрийн 736 нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 нь насанд хүрсэн эрэгтэйчүүд, 1,231 нь охид, 929 нь хөвгүүд байгааг зохион байгуулагчид онцоллоо.

 "Судалгаагаар эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэлзүйн хүчирхийлэлд өртдөг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтыг судлах үндэсний хэмжээний анхны судалгааг 2017 онд зохион байгуулсан. Үүгээр 7,300 гаруй эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагад үндэслэн эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх нь нас, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байдал, газар зүйн байршлаас үл хамааран өндөр хувьтай байгааг илрүүлсэн юм.

Уг судалгаанаас үзэхэд таван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа, 20 эмэгтэй тутмын нэг нь сүүлийн 12 сард хамтрагчаас бусад хүмүүсийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртдөг аж.

Түүнчлэн долоон эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад сүүлийн 12 сард 2.6 хувь байгааг тогтоосон байна. 

Мөн 10 эмэгтэй тутмын нэг нь хүүхэд насандаа (15 хүртэлх насандаа) бэлгийн хүчирхийлэлд өртсөн баримт бий. 

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь амьдралдаа одоогийн эсвэл өмнөх хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ.

М.Оюунцэцэг: Эмэгтэйчүүд тогтмол хамтран амьдрагчтай болсон үеэс хүчирхийлэлд өртөх нь нэмэгддэг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр ҮСХ-ны Нийгмийн Статистикийн Газрын дарга М.Оюунцэцэг "2017 оны судалгааны үр дүнгээс харахад бие махбодын хүчирхийлэлд 30-34 насны эмэгтэйчүүд илүү өртсөн байдаг. Энэ нь тогтмол хамтран амьдрагчтай болсон үеэс хүчирхийлэлд өртөж байгаатай нь холбоотой.

Гүнзгийрүүлсэн судалгаанаас үзэхэд олон хүүхэдтэй, боловсролын түвшин бага эмэгтэйчүүд түлхүү хүчирхийлэлд өртдөг байх магадлалтай ч яг ийм төрлийн хүн хүчирхийлэлд өртөж байна гэж үзэхэд хүндрэлтэй байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл нуугдмал байдаг гол шалтгаан бол хохирогчид хүчирхийлэлд өртсөн мэдээллээ холбогдох байгууллагад өгдөг ч шийдвэрлэх үйл явц нь тодорхойгүй. Хохирогчийг хамгаалах бодлого хомс. Үүнийг сайжруулж байж эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, өртсөн бол холбогдох байгууллагад мэдэгдэх зэргээр арга хэмжээ авдаг болох юм.

2017 онд хийсэн судалгааны үр дүнгээс гаргасан шийдвэр хэр өгөөжтэй байсныг дараагийн судалгаагаар илүү тодорхой болгоно. Хоёр дахь судалгааг 2026 оноос эхлэн мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэж, 2027 онд танилцуулахаар төлөвлөж байна. 

Анхны судалгаанд бид ₮2.2 тэрбум зарцуулсан. 2027 онд гаргах судалгааны төсвийг бид ₮3.3 тэрбум шаардлагатай гэж тооцсон. Төсвийн дийлэнх нь буюу 70-80 орчим хувь нь зөвхөн мэдээлэл цуглуулахад зарцуулагдахаар төлөвлөж байна. Мэдээлэл цуглуулахад их төсөв зарцуулдаг гол шалтгаан нь Монгол Улсын өргөн уудам газар нутагтай. Энэ судалгаанд бүх аймаг, сумаас санамсаргүй байдлаар сонгож судалгаа хийх тул үүнийг дагаад зардал нэмэгдэнэ" гэж ярилаа.