Уншиж байна ...

"Хүүхэд ханиадтай үед халуун бүлээн усанд оруулж болно"

П.Сайнжаргал, IKON.MN
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх мэдээллийг Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон бусад холбогдох газраас хүргэж байна. 

Энэ үеэр

  • Ханиалгах
  • Найтаах
  • Хамрын угаар шархирах
  • Толгой өвдөх
  • Булчин шөрмөс шархирах
  • Ядарч сульдах
  • Хоолны дуршил буурах гэх мэтчилэн зовуурьтай хүүхдүүдийн тоо ихэссэн.

Өнөөдрийн байдлаар Амьсгалын эрхтэн, эмгэг судлалын тасагт нийт 60 оронд 66 хүүхэд уушгины хатгалгаа, түүний хүндрэлээр хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч н.Гүен хэллээ. 

Мөн тэрбээр "Өвчилсөн хүүхдэд ердийнхөөс илүү шингэн уулгахыг зөвлөдөг. Агаар дуслын замаар дамжсан халдварын хамгийн түгээмэл илэрдэг зовуурь нь халууралт.

Халуурч байгаа хүүхэд шингэнээ маш их алддаг бөгөөд зүрхний цохилт болон амьсгалын тоо ихсэж байдаг.

Мөн хөлрөх давтамж нэмэгддэг тул шингэнээ их алдана. Мэдэгдэхгүйгээр шингэнээ алдаж байдаг учраас өвчтэй хүүхдэд "Ердийнхөөс илүү шингэн уулгах" зарчмыг баримтлах нь зүйтэй" гэлээ. 

Мөн ханиад томуугийн үед асаргаа, сувилгаа ба хооллолтод хэрхэн анхаарах талаар дараах зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. 



Өвчтэй, халуурч байгаа хүүхэд бүрийн хоолны дуршил нь буурдаг.

Жишээлбэл халуурч байгаа хүүхэд нойр хоолондоо муудна, ядарч сульдана, уйлагнана, унжийж хэвтэнэ, ааш муутай болно. 

Халуурч байгаа хүүхдэд бага багаар шингэн уулгахын зэрэгцээ халууныг буулгасны дараагаар ердийн хэмжээгээр иддэг байсан хоолыг нь идүүлэх шаардлагатай.

Мэдээж зовуурьтай байгаа хүүхэд нэг дор их идэхгүй учраас араас нь бага багаар, ойр ойрхон хооллох ёстой.

Өвчтэй байгаа хүүхдээ "хоолны дуршил нь буурсан" гээд хооллохгүй байж болохгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар бага багаар хооллож байх нь зүйтэй. Хооллохдоо маш учиртай хооллох ёстой.

Ээж, аавуудын хэлж заншсанаар "ягаан дэвтэр" дээр хүүхдийн хооллолтын талаар дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг.

Шөлөнд тулгуурласан хоолоор хооллох нь зүйтэй.

Дараагийн сувилгаа бол хүүхдээ эрт унтуулж амраах явдал.

Хүүхэд 21:00-22:00 цагийн хооронд унтсан байхыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) зөвлөмж болгодог. Урт хугацаанд унтах нь цаад утгаараа дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй.

Хүүхдэд насанд нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэх нь чухал.

Дасгал хөдөлгөөн хийснээр булчин идэвхтэй агшиж, тэр хэмжээгээр биед хэрэгтэй уураг үүсээд бодисын солилцоо эрчимждэг.

Цусны эргэлт сайжирснаар дархлаа тогтолцоо сэргэх үндэс болно. Тиймээс насанд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг сайтар хийлгэж байх хэрэгтэй.

Ханиад, томуу хүрсэн үед нь хүүхдийнхээ хамрыг сайтар цэвэрлэж байхыг зөвлөе. 

Амьсгалын замаар дамжих цочмог халдварын нийтлэг шинжүүдийн нэг бол нус гарах, хамар нармай битүүрэх.

Нус нь хамрын салстад байгаа бохирлогдсон зүйлс буюу нян бактери, вирусийг шүүж гаргаж байгаа биологийн шингэн гэж ойлгож болно.

Нусыг нь цэвэрлээгүй тохиолдолд бага сартай, бага настай хүүхдүүдийн хамар битүүрнэ. Улмаар хэвтээ байрлалд буюу унтаж амарч байх үедээ нус нь ар залгиур, уушги, ходоод гэдэс рүү бага хэмжээтэй урсаж байдаг. Өөрөөр хэлбэл амьсгалын дээд замын халдвар нь амьсгалын доод замын халдвар буюу уушги, гуурс руугаа орох эрсдэлийг нөхцөлдүүлж байдаг гэсэн үг.

Иймд хамрыг сайтар цэвэрлэж байх ёстой. Бага сартай хүүхдийн хамраас чих рүү дамжиж, чихийг нь өвтгөх эрсдэлтэй байдаг учраас энэхүү зөвлөгөөг өгдөг юм. 

Хүүхэд өвчилсөн үед усанд оруулахыг эцэг, эх, асран хамгаалагчид их гайхдаг. Тэр тусмаа хүүхдийн эмч нар хүүхдийг усанд оруул гэж зөвлөдөг. Хамгийн гол нь усанд оруулсны дараа гарч ирэхээр нь дааруулахгүй байх хэрэгтэй.

Яагаад усанд оруулахыг зөвлөдөг вэ?

Халуун бүлээн усанд орж байгаа хүүхдийн цусны эргэлт сайжирдаг. Цусны эргэлт сайжирснаар хүүхдийн дархлаа тогтолцоо сайжирч байдаг. Мэдээж хүүхдийг өндөр халуунтай байгаа үед нь усанд оруулахад хэцүү. 

Хэрвээ бүр боломжтой бол вантай усанд цээжийг дүрснээр тухайн цээж хэсгийн дархлаа тогтолцоо цус эргүүлэг сайжирна. Улмаар амьсгалын замын цочмог халдварыг өөрийн дархлаагаар биеэс гадагшлуулах үйл явц сайжирна гэж үздэг. Тийм учраас усанд оруулахыг зөвлөдөг.

Хамгийн гол нь усанд оруулсны дараа дааруулахгүй байхыг анхаарах зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн эмч хүргэлээ.