Уншиж байна ...

УИХ-ын Тамгын газраас айл болгоныг битүү шөл хийж идэхийг уриалав

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах улсын тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ой энэ сарын 26-нд буюу ирэх Мягмар гарагт тохиож буй. 

Энэхүү түүхэн өдөртэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагва баярын ширээний гол хоол битүү шөл байх нь зүйтэй гэдэг уриалга гаргаж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргад уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг даалгаж албан бичгээр ханджээ. 

Уг албан бичигт "Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ой ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохионо.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолоор уг ойг улс орон даяар тэмдэглэхээр тогтоож, ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажлын хэсгээс анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг иргэдэд сурталчлах, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр зохион байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдрийг бүх нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэх баярын уур амьсгал бүрдүүлэх, Монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт зоогоо гэртээ хийж хүртдэг байх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид тэрхүү хоол ундаагаар үйлчилдэг болох уламжлалыг эхлүүлэхийг эрмэлзэж, энэхүү түүхэн ойн өдрийн баярын ширээний гол хоолыг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн үзэж, уриалга гаргаж байгаа юм.

Иймд уг ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээний Ерөнхий боловсролын бүх сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “Битүү шөл” хийж идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхэд хамтран ажиллахыг хүсье” гэжээ.  

зураг