WCBA буюу Хятадын эмэгтэй сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн "ВуХан ШенФан" багт Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан гэрээ байгуулсан.
Өчигдөр буюу энэ сарын 17-нд "ВуХан ШенФан" баг улирлын эхний тоглолтыг "Шаньси Рэд Волвес" багтай хийлээ.
Харамсалтай нь энэ тоглолтод зочин багаар ирсэн "Улаан чононууд" 82:73-аар ялалт байгуулав. WNBA-гийн "Лас Вегас Эйс" багийн тоглогч Куин Эгбо 36 минутад 23 оноо, 17 самбараас бөмбөг авч багаа манлайлсан бол талбайн эздээс Пэйтон Уильямс 20 оноо, 9 самбараас бөмбөг авсан бол WNBA-д зүтгэдэг Ченнеди Картер 14 оноо авчээ.
Харин О.Хулан сэлгээнээс 11 минут талбайд гарахдаа 6 оноо, 3 самбараас бөмбөг авав. Тэрбээр хоёр удаа амжилттай шидэж, торгуулиас мөн 100%-ын үзүүлэлттэй шидсэн байна.
Хятадын Дээд лигт гаднын гурван тоглогч зөвшөөрдөг. Энэ дагуу "ВуХан ШенФан" Ч.Картер, П.Уильямс болон О.Хулан нарыг эгнээндээ элсүүлсэн билээ.
Гэртээ хийсэн эхний тоглолтод хожигдсон ч "ВуХан Шенфан" баг энэ сарын 19-нд буюу маргааш 19:30 цагаас "Улаан чононууд"-тай дахин тоглох болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!