Уншиж байна ...

Саудын Араб улс 2024 онд анх удаа 100 гаруй гадаадын иргэнийг цаазалжээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Саудын Арабын баруун өмнөд Нажран мужийн эрх баригчид хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан Йемен улсын иргэнийг цаазалжээ.

Ингэснээр 2024 онд тус улсад цаазлуулсан гадаадын иргэдийн тоо 101 хүрч байгааг Сауди Пресс агентлаг мэдээлсэн байна.

2022, 2023 онуудад Саудын Араб улсад жил бүр 34 гадаадын иргэн цаазалж байсантай харьцуулбал энэ нь гурав дахин өссөн тоо болохыг Берлинд төвтэй European-Saudi Organization for Human Rights (ESOHR) хүний эрхийн байгууллага мэдээлжээ.

“Энэ бол нэг жилийн хугацаанд хамгийн олон гадаадын иргэнийг цаазалсан тохиолдол. Саудын Араб улс өмнө нь хэзээ ч жилд 100 гадаадын иргэнийг цаазалж байгаагүй” гэж тус байгууллагын хууль зүйн газрын захирал Таха Аль-Хажжи ярьсан байна.

Газрын тосоор баян Саудын Араб нь цаазын ялыг хамгийн их хэрэглэгдэг улсуудын нэг бөгөөд үүнийхээ төлөө хүний эрхийн байгууллагуудад байнга шүүмжлүүлж байдаг.

2023 онд цаазын ял гүйцэтгэлийн тоогоор тус улс Хятад, Ираны дараа гуравдугаарт эрэмбэлэгдсэнийг Эмнести Интернэйшнл мэдээлж байв.

Нийт цаазын ял гүйцэтгэлийн тоо нь энэ онд сүүлийн 30 гаруй жилийн хамгийн дээд хэмжээнд буюу Ням гарагийн байдлаар 274 хүрээд байжээ.

Энэ онц цаазлуулсан гадаадын иргэдийг харьяаллаар нь харуулбал Пакистаны 21, Йемений 20, Сирийн 14, Нигерийн 10, Египетийн 9, Йорданы 8, Этиопын 7, Судан, Энэтхэг, Афганистаны тус бүр гурав, Шри Ланка, Эритрей, Филиппиний тус бүр нэг иргэн байна.

Саудын Араб улс хар тамхины гэмт хэрэгтнүүдийг цаазлахаа гурван жил завсарласан нь 2022 онд дууссан юм. Тиймээс энэ оны гүйцэтгэлийн тоо нэмэгдэхэд хар тамхины гэмт хэрэгтнүүд нөлөөлсөн байна.

Энэ он гарснаас хойш хар тамхины гэмт хэрэг үйлдсэн 92 хүнийг цаазлаад байгаагийн 69 нь гадаадын иргэд байжээ.

Саудын Араб нь цаазын ялыг гүйцэтгэхдээ сэлмээр толгой цавчих аргыг хэрэглэдэг уламжлалтай. Гэхдээ албан ёсны бичиг баримтуудад ямар арга хэрэглэснээ дурддаггүй юм байна.

 

Эх сурвалж: AFP